menu

Исаиа номын танилцуулга

Библийн 16 эш үзүүлэгч (Иеремаиа, Гашуудал ном нь нэг) - ийг дотор нь их бага эш үзүүлэгчид гэж хуваадаг. Үүний дөрвөн их эш үзүүлэгчийн нэг бол Исаиа юм. Амозын хүү Исаиа нь Иудагийн дөрвөн хаан (Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа) –ны үед Иерусалимд эш үзүүлсэн (1:1).  Эш үзүүлэгчийн өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн уг номын зургаадугаар бүлэгт түүний анх дуудлагаа хэрхэн авсан талаар гардаг. Энэ нь Уззиа хааны нас барсан жил (МЭӨ 740) байсан бөгөөд тэрээр Хезекиа хаан нас барах (МЭӨ 687) хүртэл амьдарч Хезекиагийн хүү Манассе түүнийг хөрөөдөж алсан байдаг (Еврей 11:37).

    Исаиа нь эш үзүүлэгч Хосеа, Мика нартай нэг үеийнх байсан бөгөөд тэрээр гурван улс (Хойд Изаиль, Өмнөд Иуда, Ассир) - ын хувьд түүхэн цаг үед амьдарч байсан юм. Өөрөөр хэлбэл түүний цаг үед Хойд Израиль улс эцсийнхээ уналтанд орж, Өмнөд Израиль улс сүнс ёс суртахууны уналтанд орж, Ассир улс хүчээ аван тэлж байсан юм. Хаад болон Шаштир номуудаас харвал Исаиа нь Ахаз хаан болон Хезекиа хаадад сануулага өгч байсан байна. Арамын хааны эсрэг Ассирын хааны тусламжийг хүсэхгүй байхыг Ахаз хаанд Исаиа сануулсан боловч Ахаз эш үзүүлэгчийн сануулгыг хүлээж авалгүй өөрийн хүссэнээр үйлдэн, Ассирийн хаан түүнд тус болохоосоо илүү дарамт болсон байдаг. Харин Хезекиа хаан Хойд Израиль улс мөхсөнөөс хойш Өмнөд Иуда улс бусад улсуудтай эвсэлдэхгүй байхыг анхааруулсан Исаиагийн сануулгыг хүлээн авсанаараа өөрийн амьдарч байсан цаг үед амар амгаланг тогтоож чадсан байдаг. Ард олон Исаиагийн эш үзүүллэгийг хүлээн авахаас татгалзаж байсан бөгөөд Исаиа үүнийг мэдэж байсан ч тэрээр улс орны удирдагчид болох хаадад Бурханаас ирэх сануулгыг өгсөөр байсан юм. Үүндээ Исаиа удаа дараа Израилийн түүхийн өмнөх үед Бурханы үйлдсэн агуу зүйлс (Египетээс гарсан (4:5-6, 11:15), Содом, Гоморагийн сүйрэл (1:9), Гидеоны ялалт (9:4)) – үүдээс иш татан дурдсан байдаг.

        Эш үзүүлэгчийн маань нэрээр нэрлэгдсэн энэхүү номыг хоёр зохиогчтэй хэмээн үзэх тохиолдол бий. Учир нь номын 1-39 бүлэг нь Исаиа Иерусалимд бичсэн. Харин үлдсэн 40-66 бүлгийг түүнийг нас барсаны дараа Вавилоны цөлөгсдөд хандаж өөр нэгэн хүн бичсэн байж магадгүй. Энэ таамаглалыг дэмжсэн, эсэргүүцсэн баталгаануудыг эрдэмтэд гаргаж ирдэг. Үүнд:

Номын бүхэлд нь Исаиа буюу нэг хүн бичсэн гэсэн баталгаа

1.      Номын дотоод баталгаанд (1:1) дэх дэд гарчиг болон уг номын хоёр гол хэсгийг хооронд нь холбодог олон тооны зэрэгцээ илэрхийлэл болон санаа багтдаг байна.

2.      Иудейн Талмуд ба Шинэ Гэрээ нь үүний гадаад нотолгоо болдог бөгөөд эдгээр нь уг номын бүх хэсгийг Исаиа бичсэн гэдэг санааг баталдаг. (Жишээ нь: Матай 12:17-21 –ийг Исаиа 42:1-4 тай харьцуулвал)

Номын сүүлийн бүлгүүдийг хэн нэгэн хожуу бичиж оруулсан гэх баталгаа

1.      Исаиа 40-55 бүлэгт эш үзүүлэгч Исаиагийн хувийн амьдралын тухай дурссан зүйл огт байдаггүй бол 1-39 бүлэгт түүнтэй холбоотой маш олон түүх гардаг.

2.      Түүнчлэн Исаиа 40-45 бүлгийн бичиглэлийн хэлбэр болон хэллэг нь эрс ялгаатай байдаг.

Исаиа номын талаар ярьвал дараах гурван гол сэдвийг ярихгүй өнгөрч болохгүй бөгөөд энэ эш үзүүлэгчийн гол дамжуулсан мэдээ нь болдог.

1.      Эш үзүүлэгч маань эхлээд өөрийн амьдарч байсан үндэстэн болоод тухайн цаг үед амьдарч байсан үндэстнүүдийн гэм нүгэл болоод Бурханы шүүлттэй холбоотой зүйлсийг тунхагласан.

2.      Цаг нь болоход ард түмэн боолчлолоос гарч, тэднийг харь үндэстнүүдэд гэрэл болгохын тулд Бурхан зольж авах ирээдүйн найдварын талаар өгүүлдэг.

3.      Бүх үндэстэнд авралыг авчрах Давидын удмын Мессиаг Бурхан илгээнэ гэдгийг эш үзүүлсэн.

    Исаиаг Хуучин Гэрээний сайн мэдээний эш үзүүлэгч гэж нэрлэх тохиолдол байдаг. Учир ирэх Мессиа буюу Есүсийн талаар Хуучин Гэрээний номууд дундаа хамгийн өргөн цар хүрээтэйгээр хэлдэг. Тэр дундаа Есүсийн тахил болон үхлийн талаар хамгийн чухал мэдээг дамжуулсан байдаг. Хуучин гэрээний бусад номууд дундаас Исаиа номонд "аврал” гэсэн үгийг гурав дахин олон ашигласан байдаг. Магадгүй Мессиагийн талаар л Бурханы авралын төгс зорилгыг ойлгож чадна гэдгийг Исаиа мэдэж байсан болов уу? Бурханы мөн чанар болон сүр хүч, Ариун байдлын талаар хамгийн их дурссан бөгөөд "Бурханы Ариун Нэгэн” гэж хамгийн ихээр хэлэх дуртай эш үзүүлэгч бол Исаиа юм.[1]  





[1] Бялхам амь судлал библи: Исаиа, 1102.

Category: Ном сэтгүүл | Added by: Uuriinshuuder (2012-12-26)
Views: 1110 | Comments: 1 | Rating: 2.5/2
Total comments: 1
avatar
0
1 Uuriinshuuder • 11:01 PM, 2023-08-19
оподп
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: