menu

Цас юу ярив?
99999



Уншихаар татах. pdf

Сонсохоор татах. mp3

Одоо сонсох. mp3



Уржигдар өглөө би эртлэн босоод нийслэлийнхээ дүр төрхийг тодхон харлаа. Яагаад ийм гайхалтай харагдаж байна аа? Ойрд ингэж харагдахгүй байсан юмсан гэсэн бодлоор цонхоороо жаал ажлаа. 

Цас оржээ. Шив шинэхэн цас орчхож. Өө ямар гоё юм бэ, цас орчихсон байна шүү дээ. Яаран хувцсаа дутуу өмсөөд гүйн гарлаа. Хүмүүс хараахан ажилдаа яараагүй байлаа. Тиймээс цасаар жаахан тоглонгоо цэвэр агаарыг амьсгалж байлаа. Та бас тэр өдөр тэгсэн үү? Үгүй л байх даа. Над шиг сэтгэл хөдлөлтэй хүн тун ховор шүү. Нэлээд хугацаанд цас бид хоёр байлаа. Гэнэт нэгэн жаал нүдний буланд харагдлаа. 

Харцаа тогтоож жаал хартал тэнэмэл бололтой юмаа. Өөрт нь томдсон малгай, малгайны цаанаас духыг нь даган унжсан ширэлдсэн хар үс, халтар хоёр хацар, өлгүүрт юм өлгөчихсөн юм уу гэмээр том өвлийн куртик, куртикний ханцуйнаас дөнгөж цухуйсан даарч бээрсэн хэдэн хуруу, зайлуул даа урагдсан болгон дээр нь хэдэн нөхөөс оёсон хир нь савхи шиг болсон жийнсэн өмд, арай л хоол нэхэх болоогүй өвлийн гуталтай хүү байлаа.

Гэвч хүүгийн царайнд түнэр харанхуйг нэвтлэн хатгах үүрийн нарны туяа мэт инээмсэглэл харагдаж байлаа. Яагаад энэ хүүд ийм гайхалтай инээмсэглэл байгаа юм бол оо гэж би хачирхан бодлоо. Сайн бодоод үзэх юм бол байж боломгүй юм шиг санагдаж байлаа. Надад ийм хувь тавилан байсан бол би боож үхнэ дээ гэх бодол толгойд зурсхийгээд өнгөрлөө. 

Дахиад сайн ажвал тэр жаал цастай шивнэн ярьж байх юм. Айн, юу ярьдаг юм бол оо? Хачирхан бодсон сэтгэл маань нэг л мэдэхэд жаал хүүгийн дэргэд намайг авчирлаа. 

Сайн уу? эгчийн дүү. Гадаа гоё байна тэ? 

Тэр жаал намайг ширтээд юу ч хэлэхгүй байлаа. 

Эгч нь чамаас нэг зүйл асуух гэсэн юм аа. Чи цастай яг юу ярьсан юм бэ?

Жаал ширтсээр л байлаа. 

За би ч яриулж дөнгөхгүй юм байна гэж бодоод за нууц бол яахав дээ гээд буцаад алхлаа. Жаал хүү араас маань аяархан гэгч эгч ээ, эгч ээ гэж дуудлаа. Би ч шуудхан л за юу гээв миний дүү гэлээ. Хүүгийн нүд ботгоны нүд шиг л өхөөрдөм хөөрхөн байлаа.

Жаал хөөрхөн гэгч нь инээснээ эгчээ та ч бас цастай ярьж үзэхгүй юм уу гэлээ. 

Би ч үгүй дээ чиний ярьсныг л сонсох гэсэн юм. 

Хүү жаал бодолхийлснээ та дооглохгүй биз дээ гэж асуулаа. 

Би ч маш тодорхойгоор үгүй дээ дүү минь надад их сонирхолтой санагдаад байна. 

Хүү ярьж эхэллээ...

Би одоо 12 настай. Цастай ярихаар тэр зөндөө зүйлийг надад зааж өгдөг юм. Намайг баяр баясгалантай болгодог ганц зүйл. Би дөнгөж төрөх үед ээж, аав маань надаас холоо явчихсан юмаа. Эмээ маань хол явахаасаа өмнө хэлсэн юм. Надад ах, эгч, дүү, найз гэж байхгүй. Би дандаа ганцаараа байсан. Өдөр бүр идэх хоол, хонох газар олох гэж зовдог байсан. Намайг гэх хэн ч байхгүй болохоор би л өөрийнхөө эзэн болоод амьдрахгүй бол болохгүй биз дээ. Нэгэн өдөр би амьдралын тухай бодсон юмаа. Зарим хүний хувь тавилан яагаад ийм байдаг юм бол оо үхэл хагацал, өлсгөлөн, ядуу байдал дүүрэн. Харин нөгөө нэгнийх нь аз жаргал, инээд хөөр, идэх зүйл дүүрэн. Тэгээд гадаа даараад сууж байхад миний дээрээс цасан ширхэг зөөлөн буун ирсэн юм. Намайг л гээд чиглээд ирсэн тэр цасан ширхэг. Шөнийн харанхуйг гэрэлтүүлэх гудамжны булангийн гэрлийн туяанд гялалзан бууж ирсэн. Яагаад ч юм намайг гэх Хүн заавал байгаа гэх бодол орж ирсэн юм. Хичнээн одоо Түүнийг харахгүй байсан ч Тэр үргэлж миний дэргэд байгаа гэж би өөртөө хүчтэйгээр олон удаа хэлсэн юм. Тэр үед миний хацар дээр байсан цас надад ярьсан юм. 

Цас: Чи ганцаараа гэж үү? үгүй дээ чамтай хамт Тэр байгаа. Тэр чам руу үргэлж янз бүрийн зүйлийг явуулж байдаг. Навч, цэцэг, нарны туяа, үзэсгэлэнт солонго, өнөөдөр харин намайг. Чи тэднийг даанч сонсдоггүй байсан шүү дээ. Харин намайг их анхааралтай сонсож байх чинь. Амьдралын тухай гүнзгий бодож үзээ юу? Энэ дэлхий дээр бүгд ялгаагүй амьдардаг. Гаднах нь өөр төдий болохоос бүгдэд нь шаналал зовлон байдаг. Гэвч чи өөр байх хэрэгтэй. Харагдах зүйл чамд байхгүй байсан ч хамгийн гайхалтай Нэгэн чамтай хамт байдгийг ухаараад амьдрах хэрэгтэй. Тэгвэл Тэр чамд ямар хайртайг чи мэдээд энэ дэлхий дээр хэнээс ч илүү аз жаргалтай хүн болно. Хүмүүс өдөр бүрийн санаа зовинол шаналал дундаа агшин зуурын зүйлсээр өөрсдийг баярлуулах гээд хичээж байна. Тэглээ гээд цаг нь болбол над шиг агшин зуур алга болно шүү дээ. Харин чи үүрд мөнхийн зүйлийг олж авах хэрэгтэй. Хүнд байдаг жинхэнэ амь бол түүний доторх хүн юм. Хүмүүс үүнийг мэдэхгүй зөвхөн гаднах хүнээ л бодож байна даа. Чиний доторх хүн чамд ярьж чи үүрд мөнх гэдэг зүйлийг бодох болсон юм. Тэгээгүй бол яалаа гэж мөнх оршиж чадахгүй чи мөнхийн тухай бодох вэ? Эргэн тойронд байгаа бүхий л байгалийн зүйлс Тэр чамайг ямар их хайрлаж байдгийг илэрхийлдэг. Тэр чиний л төлөө энэ бүгдийг бүтээсэн юм шүү дээ. Өнөөдөр цас надаар дамжуулан багахан зүйлийг чамд хэлүүлсэн юм. Цаг нь боллоо баяртай би одоо усан дусал... Үүнээс хойш би цас надад Түүний тухай өшөө юуг ярьж өгөх бол гэж хүлээдэг болсон юм. Тэгээд өнөөдөр цастай ярьсан юм. 

Би үнэхээр гайхаж байлаа. Тэгээд жаалаас тэгээд чи өнөөдөр цастай юу ярьсан юм бэ? 

Жаал хүү инээмсэглэн, Түүний тухай юуг ч мэдэхгүй цастай хөгжилдөх та, Түүний тухай жаахан ч гэсэн мэдээд амьдарч байгаа би, бид хоёрын хооронд аз жаргалын үргэлжлэх хугацаа, амьдралын тухай ухаарал тэнгэр газар шиг ялгаатай байна гэж Тэр цасаар дамжуулж хэлсэн юм. 

Үг хэлж чадахгүй жаахан зогсож байгаад орцоо чиглэн яаран гүйлээ. Цахилгаан шатан дотор амьсгаадах би өнөөдөр цас надад, бас бүх хүнд цас шиг амьдралтай бидний тухай Тэр Нэгэний ярьсан тэрсэлж чадахгүй үнэний тухай ярьсныг ойлголоо ...

Category: Өгүүллэг | Added by: Uuriinshuuder (2012-05-30)
Views: 1639 | Tags: Цас юу ярив? | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: