menu

Борооны дараах солонго

     Тэр өдрийн хүйтэн бороонд зутарсан амьдралыг харахдаа миний сэтгэл мэгшин уйлж байлаа. Гадаа тэнгэр бүрхэг, уйтгартай бороо сэтгэл бүрхэн, нулимсан дунд дэвтэж, зовлонд хатсан нэгэн амьдралыг би олж харсан юм. Нөхрөөсөө салсан эхнэр, эцгээсээ холдсон хүүгийн амьдралд уйтгар гуниг, зовлон шаналал, хүйтэн умгар амбаар, өвчинд баригдсан бие, өлсөж эцсэн ходоодноос өөр юу ч байдаггүй байлаа. Намар болж навчис унан, нарны элч саарч хүйтэн айсуй байлаа. Бөөр сав нь өвчтэй ээж жаахан хүүгээ өлсгөхгүйн тулд айлаас хоол гуйж амиа зогоодог байсан ч цаг хугацаа улирч тэр үе өнгөрчээ. Аргаа барсан ээж модны үртэс, холтсоор омгор амбаараа дулаацуулж, ногооны хальсаар ходоодоо баярлуулдаг болов. Нэг өдөр жаахан хүү ганцаараа хаалганыхаа хажууд суучихсан ээжээ ээжээ гээд уйлахыг сонссон охин өөрийн эрхгүй хүүг тэврэн авав. Даарч улайсан булцгархан хөл, шээсний эхүүн үнэр шингэж цоорч урагдсан өмд, уранхай тохойтой нөмгөн дээлнээс өөр юу ч өмсөөгүй хүүг харахад нулимс унагахгүй байхын аргагүй байлаа. Охин бяцхан хүүг гэртээ оруулан дулаацуулаад хооллож хувцаслав. Усанд орсон хүү ядарсан бололтой унтаад өглөө. Хүү сэрээд ээжийгээ нэхэж уйлна, цаг өнгөрлөө, орой боллоо, хүүгийн ээж ирсэнгүй. Яасан юм бол дахиад л хүлээлээ ирсэнгүй. Маргааш өглөө нь хүү дахиад л уйллаа. Тэвэрч аргадаад арай л гайгүй боллоо. Хүүг тэврээд гадаад гаран цаад мухрын гудам хүртэл алхлав. Хүү энгэрт тэврүүлээд тайван л байлаа. Цаана хүмүүс бужигнаад бөөн дуу чимээ гарч, тэнд очиход хүүгийн ээж модонд дарагдан нас барсан байжээ. Түүнийг харсан охин сандран очоод эгчээ эгчээ босоорой гэж итгэл муутайхан хэлж үзлээ. Охин яахаа мэдэхгүй хүүг тэврэн уйлна. Ээжийгээ харсан хүү "ээжээ ээжээ" гэж сарвайн уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Хүү дөнгөж 3 настай юу ч мэдэхгүй хэдий ч дахин дахин мэгшин уйлна. Уйтгартай гунигтай цаг өнгөрсөөр нэг сар болжээ. Хүү охинд нилээд их дасжээ. Гэвч охин жаал хүү байтугай өөрийгөө ч авч явж чадахааргүй балчир насанд байсан болохоор хүүг асрамжийн газар өгөхөөр боллоо. Охин айлд туслан авсан мөнгөөрөө аавыгаа асардаг байсан болохоор яах ч аргагүй байжээ. Хүү танихгүй хүмүүс дээр очоод дахиад л уйлна. Ойртож дассан хүн болгоноосоо холдоно гэдэг насанд нь ахадсан том зовлон байлаа. Сэтгэл нь ямар байгаагаа хэлж чадахгүй хүү уйлж эхэр татахаас өөр зүйл илэрхийлж чадахгүй байлаа. Хүү асрамжийн газар очсон ч охинд байнга эргэж очдог байжээ. Цаг хугацаа өнгөрсөөр арван жил болжээ. Хүүгийн  арван гурван насны төрсөн өдрийн баяр дээр эгч нь ирж түүнд өдрийн тэмдэглэлээ өгөв. Хүү ч түүнийг уншиж ямар хэцүү байснаа эргэн саналаа. тэр хоёр нилээд яриа өрнүүлсэн бололтой цаг хэдийнэ орой болжээ. Эгч нь хүүд амьдралд олон хэцүү зүйл байдаг гэдгийг ойлгуулж, хүүгийн сэтгэлийн шархыг Бурханы хайраар эдгээн Эзэн Бурхан байдаг гэдгийг зүрх сэтгэлд нь суулган өгснөөр хүүд дахин шинэ амьдралыг мэдрүүлэв. Хүү тэр орой хүч, урам зориг, хайрыг олж аван би ганцаараа биш, надад Эзэн Бурхан, эгч хоёртой юм байна гэдгээ ухаарч

Намар гунигтай улирал ч

Хаврын улирлыг санаад сэтгэл нь сэргэлээ

Гуниг зовлон ирсэн ч

Жаргах цагаа хараад нулимс унагалаа

Бороо удаан орсон ч

Нар гарч солонго татахыг хараад баярлалаа

Ээж аавыгаа алдсан ч

Эзэн Бурхан хамт байгаад зүрх сэтгэл дотроо бахадлаа.

Хүүгийн зүрхэнд ассан халуун гал, цагаахан сэтгэл, урам зориг, хүч болон итгэл нь мөнхөд асаасай.

Тэр оройн зүрх сэтгэлийн гүн дэх шархыг хөндсөн ярианы халуун, эргээд санахад энхрийлж өрөвдмөөр ээжийнх нь цэврүүн амьдрал, гүйцэж амжаагүй байхад нь үүрнээсээ нисэх хэрэгтэй болсон далавчийн хөндүүрлэлээс болоод балчир насандаа дэндүү ахадсан зовлон амссан биеийнх нь хөлс нь цутган хүү тэр шөнөдөө халуурч орондоо хөрвөөсөөр унтлаа. Мэлтийх сарны гэрэл тусгалаа өөрчлөн хүүгийн унтаж буй өрөөний цонхоор хөлс нь шуурсан цагаахан духан дээр нь алгуурхнаар тогтлоо. Гэрлийн зөөлөн тусгал хүүд бага багаар тэнхээ өгч, түүнийг хайрласан Эзэн Бурхан "Би чиний дэргэд байна” хэмээн шивнэх мэт. "Чи үнэхээр хөөрхөн” гэж өхөөрдөх Эзэн Бурханы инээмсэглэл сарны цав цагаан мөнгөлөг гэрлээр тодорч байлаа. Хүү тайван бас дулаахан унтана. Өглөө нь түүний биед шинэ эрч хүч, сэтгэл нь юунаас гэдгийг мэдэхгүй ч баяр хөөртэй болсон байв. Орноосоо өнгийтөл хажуу ширээн дээр нь эгчийнх нь өдрийн тэмдэглэл дэлгээстэй хэвээр байлаа. Уншиж байгаад зогссон хэсгээс нь хойш юу ч бичээгүй хэдэн цагаан хуудас байв. Хүүгийн дотроос дэвтрийн хуудаснуудыг эргүүлэн үзэх сэтгэл төрж хэсэг цагаан хуудсыг эргүүлсний дараа хэзээ ч шантраагүй итгэл, сэтгэл шингэсэн үү гэлтэй бусдаасаа илүү эрүүлж тойруулсан, элэгдэж хиртсэн гурван содон хуудас байх бөгөөд дээр нь нулимсны дуслууд нэвчин үрчийсэн байлаа. Хүү маш анхааралтайгаар уншиж эхлэв. Тэр хуудсан дээр "Би заавал тэр хүнд тусалмаар байна. Эзэн Бурхан минь..” гэсэн бяцхан охины чин сэтгэлийн хүсэл сараачаастай. Цааш нь харвал "Би их өрөвдөж байна. Таны надад өгсөн мөнхийн ивээлийг зовж шаналж байгаа хүмүүстэй хуваалцмаар байна. Гэхдээ балчирхан хүүхэд миний үгийг хүмүүс сонсох болов уу. Эзэн Бурхан минь туслаач” гэсэн халуун сэтгэлийн залбирал үргэлжилнэ. Хүүгийн сэтгэл өөрийн эрхгүй догдолж, зүрхний цохилт нь хурдсаж байлаа. Тэр цааш нь унших мөчид сэргэлэн цовоо хоёр нүдэнд нь нулимс цийлгэнэн бяцхан охины том таталж бичсэн үгс мэлтэлзэн бүртийж харагдана.

Талд ургасан ягаахан цэцэг дэлбээгээ нээн өндийж

Танхил бяцхан зүрхэнд гэгээхэн найдварыг авчрах шиг гэрэл гийсэн цагаахан хацрыг нь даган баярын нулимс ганц нэгээр бөмбөрнө. "Тэр Эзэн Бурханд итгэсэн” гэж бичсэнийг олж хараад орноосоо цовхрон үсэрч хязгааргүй их баярлан Эзэн Бурханд талархахын хамт хайрт эгчдээ үнэхээр их баярласнаа хэлмээр байлаа. Тэр Эзэн Бурханыг хүлээн авсан хүн хүүгийн ээж байжээ. Аль хэдийн өнгөрөн одсон ээж нь Эзэн Бурханд итгэсэн итгэлээ сахин өөрийг нь мөнхийн улсад хүлээж байгаа, нэг л өдөр хамтдаа баяр хөөртэйгөөр дахин уулзана гэдэгт хүү эргэлзээгүй юм. Энэ бол хүүд бэлдсэн Эзэн Бурханы хүсэл байсан юм. Түүний ээжийн эдэлсэн зовлон хангалттай байсан, амьдрахын төлөө эцсээ хүртэл тэмцсэн эмэгтэй юм. Тэр одоо Эзэн Бурхантай хамт байгаа. Одоо бол энэ бяцхан хүү болоод охины хүсэл мөрөөдөл биелэх цаг. Бороо зогссон, харин солонго татжээ. 

                                                                                                 Ц.Баасанжаргал. 2008 он.                                                         

 

Ганц олдох амьдрал чинь гялсхийн өнгөрөхөд

Ганцхан Есүсийн төлөө хийсэн бүхэн чинь үлдэх болно. – Жон Пайпер

 

Category: Өгүүллэг | Added by: Uuriinshuuder (2012-01-11)
Views: 1620 | Tags: Борооны дараах солонго | Rating: 5.0/2
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: