Сонсохоор татах .mp3 Одоо сонсох .mp3 Сайн байна уу? Намайг Ундраа гэдэг. Оюутан бас хажуугаар нь оройн цагаар ажил хийдэг. Би өөрийн сэтгэл татам түүхээс танд ярьж өгмөөр байна. Өглөө бүр танай гэрийн үүдэнд цэцэг байдаг бол танд ямар байх вэ? Мэдээж маш гоё байна гэдэгт итгэж байна. Бүр дандаа өөр цэцэг байвал ямар вэ? Хэтэрхий аз жаргалтай байна биз дээ. Бас тэр цэцэг өгөөд байгаа нууцлаг хүнийг ч гэсэн хайгаад л, их хөгжилтэй, аз жаргалтай амьдрал болно гэдэгт итгэлтэй байна. Би гэж хүн өдөр бүр л яг тийм зүйлтэй тулгардаг байлаа. Эхлээд гайхаж цочирддог байсан. Дараа нь мэдээжийн юм шиг л авдаг боллоо. Өдөр бүр шинэ, бас өөр цэцэг. Бороо орсон зэврүүн өдөр, навч газарт алгуурхан унах намар, цас орж сэтгэлд бодол дарах өвлийн өдөр байсан ч тэр цэцэгсийг харахаар шууд л бүх гуниг нисээд явчихна гээч. Тэр цэцэг бол миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон байлаа. Бас тэр нууцлаг хүн хэн юм бол? үргэлж өөрөөсөө асуудаг байлаа. Цаг л гарах юм бол бодож олох гэж хичээнэ. Нэгэн өдөр өглөө эрт босоод хаалгаа онгойлгох үед нүдэнд зөөлнөөр тусах ягаан сарнай байж байлаа. Сарнайг авчхаад эргэн тойрноо нухацтай гэгч нь харлаа. Нөгөө нууцлаг хүн хаа нэгтэйгээс харж байгаа байхдаа гээд л. Тэгтэл хоёр гудамжны цаадах гутлын дэлгүүрийн буланд нэгэн хүн зогсоод над руу харж байх шиг байлаа. Тэр хүнийг харахад ч нэг л урам төрөхгүй байлаа. Учир нь тэр хүн муу хувцастай, нэг ядарсан байртай харагдаж байсан юм. Тэр хүн биш гэж өөртөө хэлээд гэртээ орлоо. Гэвч дараа өдөр нь ч бас тэр хүн байж л байлаа. Харин энэ удаад миний сэтгэл тавгүй болж эхэллээ. Арай тэр гуйлгачин энэ цэцгийг тавимааргүй юмаа, үгүй байхаа гээд л өөртөө үглэсээр л орлоо. Өдөр хоногууд өнгөрсөөр л харин цэцэгнүүдийг хараад баяртай байдаг байсан би харин санаа зовдог боллоо. Тэгээд нэг өдөр зориг гаргаад тэр хүнтэй уулзахаар шийдлээ. Өглөө эрт босоод хэн тавиад байгааг харъя гээд гудамжны буланд нуугдаад гэрийнхээ үүд рүү харж байлаа. Ээ Бурхан минь өнөөх гуйлгачин чинь ирээд цэцэг тавьчихдаг юм даа. Сэтгэлд том чулуу унаад ирэх шиг боллоо. Шууд эгцлэн алхаж очоод уучлаарай та яагаад манай гэрийн үүдэнд цэцэг тавиад байгаа юм бэ? Ямар нэгэн санаа өвөрлөөд байгаа юм биш үү? Гэж хэллээ. Өнөөх хүн нухацтай гэх чинь харж байснаа Би дахиж цэцэг тавихгүй ээ гэлээ. Би ч тэр нь дээр гэж бодож байсан юм. Тэгээд гэртээ орлоо. Маргааш цэцэг байсангүй. Гэхдээ тэр муухай хувцастай хүнээс цэцэг авснаас энэ дээр байлаа. Гэвч өдөр хоногууд өнгөрсөөр бороо орсон зэврүүн өдөр, навч газарт алгуурхан унах намар, цас орж сэтгэлд бодол дарах өвлийн өдөр ээлжлэн ирлээ. Гэхдээ би нэг л зүйлээ алдчихсан юм шиг бодлоор дүүрлээ. Яагаад ингээд байгаа юм бол оо? Гэж өөрөөсөө асуунгаа дэмий цаг их өнгөрөөж байсан юм. Гэвч нэгэн өдөр манай найзын төрсөн өдөр боллоо. Тэгээд найзынхаа төрсөн өдөрт очлоо. Найзын маань найз залуу нь их гоё баглаатай цэцэг найзад маань өгөхийг хараад сэтгэл их хөдөллөө. Ийм гоё залуу өгсөн бол өөр ш дээ гэж бодонгоо битүүхэн атаархлаа. Гэтэл найз маань надад гайхуулангаа "Миний найз залуу миний төрсөн өдрөөр үргэлж ийм гоё цэцэгс авчирдаг юм” гэж хэллээ. Гэтэл сэтгэлд нөгөө гуйлгачин бодогдлоо. Харин тэр бол надад өдөр бүр гайхалтай цэцэгс өгдөг. Тэгээд би тэр хүнийг жаахан бодож эхэлсэн юм. Бас битүүхэндээ найздаа надад харин өдөр бүр үзэсгэлэнтэй цэцэгс өгдөг хүн байгаа гэж гайхуулах сэтгэл дүүрлээ. Тэгээд дахиад тэр цэцэгсийг авахыг хүссэн юм. Гэвч өглөө болгон хаалгаа онгойлговол цэцэгс байдаггүй байлаа. Миний амьдралын өдөр нэг бүрд ирдэг аз жаргал хийсэн одсон байлаа. Гадуур алхангаа цэцгийн дэлгүүрийн цонхоор хараад, хүмүүс хайртай хүндээ өгч байгаа цэцэгсийг бүгдийг нь алгасалгүй ширтсээр байлаа. Үнэхээр миний аз жаргал хийссэн юм байна гэж өөрийгөө буруутгалаа. Би л өөрөө үргээсэн шүү дээ. Гэтэл нэгэн өдөр гэрээсээ гарах үед маш сайхан залуу цэцэг барьчихсан шатан дээр маань нэг л сэтгэл нь догдолсон байдалтай зогсож байх нь тэр. Хаалганыхаа дурангаар харангаа энэ хүн намайг л хүлээж байгаасай гэж бодоод хаалгаа онгойлголоо. Тэгээд гэрээсээ гарах үед нөгөө залуу "Уучлаарай танд хэлэх зүйл байна” гэдэг байгаа. Сэтгэл их догдоллоо. Бололгүй яахав та асуугаач гээд л миний хоолой их эелдэг болоод үсээ засангаа харлаа. Тэгтэл тэр залуу "Энэ цэцгийг танд” гэж хэллээ. Би ч зүүдлээд байгаа юм байна гэж бодоод өөрийгөө чимхэнгээ тэр цэцэг рүү гараа сунгалаа... "Би байна аа. Жилийн өмнө танаар загнуулсан тэр гуйлгачин байна” гэх дуу гарлаа. Хамаг бие минь хөшчихлөө. Тэр цэцгийг авахад ч хэцүү, байхад ч хэцүү боллоо. Харин тэр залуу "Зүгээрээ би танд үнэхээр хайртай болохоор та намайг хүлээж авах хүртэл хүлээсэн юм. Одоо та цэцгийг минь авна биз дээ” гэж хэллээ. Би гэдэг хүн хөшөө шиг л хөдөлж ч чадахгүй, ярьж ч чадахгүй зогссоор л... Тэр өдрийн цагаан сараана цэцгийн дэлбээ, дээр нь тусах нарны гэрэл, над руу ширтэх тэр сайхан залуу бүгд дэндүү төгс. Тэгж л би өөрийг маань цаг хугацаанд хувиралгүйгээр хайрласан хайртай хүнээ олж харсан юм. Ядар ч, унаж, тэмцэн амьдрах та, ярвигтай амьдрал дундаасаа Түүнийг олж хараарай гэх Түүний сэтгэл, яах аргагүй хэнээс ч илүү хайрлах хайр, яг одоо таны хажууд зогсох Есүс. Танд энэ дэлхийн хүмүүс ямар ч сайхан бэлэг барьж болно. Гэхдээ Христийнх шиг бэлгийг барьж чадахгүй ээ. Хэн ч таныг хайрлаж магадгүй. Гэхдээ Христийнх шиг үүрд мөнх биш. Хэн ч таны гараас атгаад аз жаргалыг өгнө гээд алхаж магадгүй. Гэхдээ Есүс шиг тэнгэр улс хүртэл хөтлөөд алхаж чадахгүй. Та заавал хамгийн үнэ цэнэтэй Есүсийн хайрыг ойлгоод хүлээж аваад амьдраарай. Өмнө нь танд хандсан тэр хайрыг түлхэж байсан байж магадгүй. Одоо харин битгий тэгээрэй. Учир нь тэр таны сэтгэлийг мэдээд одоо том дулаахан алгаа тан руу сунгаж байна... эх сурвалж: http://iseeangels.blogspot.com
| |||
| |||
Views: 1194 | | |
Total comments: 0 | |