menu

Зөрчлийг зөвөөр шийдэх нь

99999

Монгол ардын зүйр үгэнд "цувж явсан бараас цуглаж суусан шаазгай нь дээр гэсэн байдаг. Үнэхээр энэхүү зүйр үгэнд хэлж байгаачлан аливаа асуудлыг  шийдэхийн тулд хүчээр бус, харин эв зүйгээр хийх нь чухал болохыг харуулж байна. Тэгвэл Иошуа номын 22-р бүлэгт өгүүлж буй зөрчилдөөнийг шийдэхийн тулд Израильчууд ямар арга замаар зөвөөр шийдвэрлэснийг авч үзэн тэндээс бид илүү олон зүйлийг сурах болно.

Өвөг дээдэст нь амласан газар нутгаа Эзэн Израильчуудад өгч, тэдэнд Канаан газар нутгийг эзэмшүүлэн суурьшуулав. Эзэн тэдний гарт бүх дайснуудыг нь өгч, Израильд бүх талын амар амгаланг авчирсан. Гэтэл энэ байдал удаан үргэлжилж амжаагүй амжаагүй байхад, Израилийн овгийнхны дунд нэгэн томоохон зөрчил бий болов. Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхон бусад овгоосоо газар зүйн байршлаараа арай хол тусгаарлагдсан Иорданы орчмын Гилеад нутгийг түрүүлж эзэмшил болгон авсан байв. Гэсэн ч тэд Израилийн үлдсэн овгийн ах дүү нартайгаа хамтдаа явж, Канаан нутгийг эзлэхэд нь тусалж, дараа нь өөрсдийн нутаг руугаа явсан. Энэ үед Израилийг удирдан Канаанд авчирсан Иошуа тэр гурван овогт талархан ерөөж, мөн Эзэнийг хайрлан, Түүний тушаалуудыг сахин, Түүнд бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэх хэрэгтэйг чухалчлан захив (22:5-6).

Ийнхүү тэд өөрсдийн эзэмшил нутаг руугаа явсан бөгөөд буцах замдаа тэд Иорданы дэргэд маш том тахилын ширээ босгов. Үүнийг сонссон Израилийн бусад овгийнхон уурлан бухимдаж, тэдний эсрэг дайтахаар цугласан байв. Учир нь гэвэл Реубен Гад болон Манассегийн хагас овгийнхон Израилийн бусад овогт харьяалагдаж байгаа Канаан газар нутгийн зааг дээр, мөн Израилийн Эзэн Бурханыг дагахаас эсэргүүцэн өөрсдөдөө зориулан тахилын ширээ босголоо хэмээн Израиль тэднийг буруутгаж эхэлсэн (11,16). Тиймээс энэхүү асуудлыг шийдэх хэрэгтэй болсон ба үүний тулд тэд:

1.   Олны хүч түрэмгийллээр бус, харин тэд өөрсдийн дотроос тэргүүлэгч, удирдагчдыг сонгосон (13-14). Энэхүү асуудлыг сонссон нийт ард түмний хувьд уурлахгүй байхын аргагүй байсан. Учир нь нэг ёсондоо бол тэр гурван овог өөрсдөөс нь салан тусгаарлалт хийж, хувийн шүтлэгтэй болж байгаа мэт санагдсан байх. Тиймээс ард түмний хувьд бол шууд л тэдэнтэй дайтахыг хүсэж байсан. Гэвч тэд энэ түргэн шийдвэрээ дагаад шууд дайтахаар яваагүй. Харин Израильчууд бүгд цуглан хамтдаа ярилцсаны эцэст зохион байгуулалт гарган тахилч Фенехасыг, мөн овог тус бүрээс тэргүүлэгчдийг сонгон илгээхээр болов. Бид үүнээс суралцахад асуудал зөрчлийг шийдэхдээ юуны түрүүнд хүчээр тэмцэж давших биш, хамтаараа цуглаж ярилцаж, аль болох эв зүйгээр зохион байгуулалтайгаар хийх нь чухал байна.

2.   Тэд асуудлын учир шалтгааныг нь лавлан мэдэхийг хүссэн (15-20). Израилийн удирдагчид гурван овгийнхон дээр ирээд шууд тэднийг буруутган, шийтгэл оноогоогүй. Харин тэд оношлон үзэж байгаа санаагаа хэлж, хэрэв энэ нь үнэн зөв бол Эзэнээс шийтгэл нь ирэх болно гэдгийг анхааруулсан. Нэг ёсондоо тэд яг ямар шалтгаанаар, яагаад энэ зүйлийг хийх болсныг нь мэдэхийг хүссэн бололтой. Тиймээ бид бусдын хийж буй үйлдлийг хараад шууд л шүүж, буруутгал оноох биш, харин ямар санаа бодол, учир шалтгаанаар хийж байгааг нь эхлээд мэдэж байж л хэлэх хэрэгтэй. Ингэхгүй бол бид улам асуудлыг хурцатгах тул болгоомжтой алхам хийх нь чухал.

3.   Асуудлын үнэн учрыг олсон нь тэднийг хоорондоо ойлголцоход хүргэсэн (21-31). Израилийн удирдагчдын эв зүйгээр тавьсан асуултад нөгөө гурван овгийнхон ч гэсэн үнэн зөвөөр нь хариулж, тэд учир зүйгээ ололцов. Тэд тахилын ширээ босгон гол учир шалтгаан нь тэдэнд Иошуагийн захин хэлж байсан Эзэнийг дуулгавартай дагаж, үйлчлэхтэй холбоотой байв. Тэдний гурван овог өөрсдийнх нь үр удам нь Израиль ахан дүүсээсээ салан тусгаарлагдаж, бүр харь хүмүүс мэт Эзэнээс холдох вий гэдгээс болгоомжлон, ирээдүйг бодон тахилын ширээг босгосон байсан. Үүнээс тэд энэ тахилын ширээг өөрсдөдөө зориулан өргөл өргөхийн тулд бус харин өөрсдийн үе удамдаа "гэрч болгон үлдээхийн тулд байв. Ийнхүү тэд бүгд хоорондоо ойлголцож, гурван овгийнхны хийсэн зүйлийг сонсоод, Израилийн удирдагчид таашаан дэмжээд зогссонгүй тахилч Фенехас тэднийг сайн зүйл хийсэнд нь талархан, урамшуулав. Эндээс харахад хэрвээ Израильчууд жаахан л түргэдсэн бол өдийд Израилийн ахан дүүсийн хооронд дайн гарч, олон овог ард түмэн үрэгдэх байсан. Харин тэдний хийсэн бодлоготой, хүлээцтэй алхмын үр дүнд үнэн учрыг мэдэн ойлголцон эвлэрч чадсан. Бид өнгөцхөн бодож, түргэн шийдэхийн оронд, нухацтай бодон зөвшилцсөний эцэст шийдвэр гаргах нь хамгийн чухал байна.

4.   Асуудал шийдэгдэж, ойлголцсоны үр дүнд Бурхан магтагдаж, ард олонд амар тайван ирэв (32-34). Энэ бүх асуудал, зөрчлийг зөвөөр шийдэхэд хүргэсэн нь Бурхан байв. Бурхан гурван овгийнхны хийж байгаа зүйл зөв болохыг мэдэж байсан учир тэднийг хамгаалж, Израилийн удирдагчдад мэргэн ухааныг өгсөн. Тиймээс Бурхан Израильд магтагдсан ба Тэр ард түмэнд эргэн амар тайван байдлыг нь авчрав. Тиймээ бидний Бурханд бүх зөв шийдвэр нь байдаг бөгөөд гагцхүү бид асуудал зөрчлийг шийдэхдээ Бурхан руу хандан, Түүнээс тусламж эрэх нь чухал юм. Бурхан ямар ч арга замаар дамжуулан ажиллаж чадна.

Бидний амьдралд ямар нэгэн асуудал, зөрчил олонтаа тохиолддог. Тиймээс дээрх зүйлээс амьдралдаа хэрэгжүүлдэг байх нь чухал. Үнэхээр ямарваа асуудлыг шийдэхдээ нэн түрүүнд Бурханаас тусламж хүсэх хэрэгтэй бөгөөд түргэн шийдвэрээс зайлсхийх нь чухал. Харин өөрсдийн зүгээс хийхдээ аливааг ярилцаж, зөвшилцөж, эв зүйгээр, учир шалтгааныг нь нухацтай бодон гаргаж ирж шийдвэрлэх нь чухал болов уу. 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2012-09-11)
Views: 573 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: