Никеагийн тунхаг "Би тэнгэр
газар, үзэгдэх болон үл үзэгдэх бүх зүйлсийг бүтээсэн Төгс Хүчит Бурхан Эцэгт
итгэдэг. Би Есүс Христ Ганц Эзэнд итгэдэг. Тэр бол Бурханы цорын ганц Хүү нь
бөгөөд бүх ертөнц бий болохоос өмнө Бурханаас гарсан ба бурхдын Бурхан, гэрлийн
гэрэл, жинхэнэ Бурхан юм. Тэрээр Бурханаас гарсан ч, Түүгээр бүтээгдсэн биш
бөгөөд бүхнийг бүтээсэн Бурхан Эцэгтэйгээ адил мөн чанартай нэгэн юм. Тэр бүх
хүн төрөлхтөн буюу бидний авралын төлөө тэнгэрээс буун ирж, Ариун Сүнсээр онгон
Мариагаас махан биеийг өмсөн төрж Хүн болоод, бидний төлөө Понти Пилатын дор
загалмай дээр цовдлогдсон. Зовж оршуулагдаад гурван хоногийн дараа Судрын дагуу
дахин амилсан. Тэгээд тэнгэрт одож, Бурхан Эцэгийнхээ баруун гарт заларч, яруу
алдар дунд дахин ирж, амьд хийгээд үхэгсдийг шүүх болно. Түүний хаанчлал мөнх.
Би мөн амийг өгөгч Эзэн болох Ариун Сүнсэнд итгэдэг. Тэр Эцэг Бурхан ба Хүүгээс
нь гарсан бөгөөд Эцэг Бурхан хийгээд Хүүтэй нь хамт хүндлэл, алдрыг авдаг.
Тэрээр эш үзүүлэгч нараар дамжуулан Үгээ айлдаж байсан. Би бас ариун нийтлэг,
элч нарын чуулганд итгэдэг. Би нүглийг уучлагч нэг л баптисмыг хүлээн
зөвшөөрдөг бөгөөд үхэгсдийн дахин амилалт ба дараа үеийн амьдралыг найдан
хардаг Амен.”
Нөхцөл байдал: Никеагийн
хурлыг хуралдуулахад гол нөлөөлсөн зүйл бол Ариус(256-336) -ийн Бурханы Гурвалын талаарх маргаан байв. Хурлын гол
зорилго нь Бурханы Гурвалын талаарх асуудалд үнэн зөв хариултыг өгөх явдал
байсан. Ариусын хувьд Эцэг ба Хүүгийн байр суурийг ижил түвшинд биш гэсэн
үзлийг баримтлаж байсан. Есүс Христ Бурханы адил зарлагдан тунхаглагдах нь
зохисгүй гэж тэр үзэж байв. Никеаны хурлаар Атанасиус(МЭ 293-373) Ариусын эсрэг зогссон байдаг. Атанасиусын хувьд Библийг
гол үндэслэлээ болгож байсан бөгөөд тухайн үеийнхээ нэрт теологичдын нэг байсан
юм. Харин Ариус МЭ 321 онд Александрын зөвлөлөөр яллагдсан байдаг. Ариусын
дэгдээсэн энэхүү үймээн нь "Элч нарын итгэлийн тунхаг” цаашид Христитгэлийн гол
үнэн сургаалыг хамгаалж чадахгүй болсныг нэг талаар харуулж, дахин шинэчлэж
эмхэтгэх хэрэгтэй гэдэг цочролыг чуулганд өгсөн байдаг. Никеаны
шийдвэр: Никеан
хуралдсаны гол зорилго бол судрын дагуу Бурханы Гурвалын талаар зөв зохистой
ойлголтыг цэгцлэх явдал байсан юм. Бурханы Өөрийгөө илчилсэн илчлэлт болох Судар,
элч нарын Итгэлийн Тунхаг зэргийг гол сууриа болгон Никеаны тунхгийг баталсан
юм. Тунхгийн гол санаа Есүс Христ бол Бурханы адил түвшин, байр сууринд байдаг
гэдгийг харуулах явдал байв. Ариусын тодорхойлсноор "Хүү бол Эцэг шиг” гэдэг ойлголтыг
"Хүү бол Эцэгтэй адил” юм хэмээн залруулсан байдаг. Бурхан бол бүх зүйлийн
бүтээгч бөгөөд сударт хэлснээр Бурхан Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан
бүхнийг бүтээсэн гэж хэлсэн. Атанасиусын тодорхойлсноор "Бүтээлээс хэзээ ч
бүтээл гарахгүй” гэсэн ба Есүс Христ бол Бурханы бүтээл биш, харин Бурханы адил
бүтээгч чанартай Бурхан юм гэдгийг хэлсэн. Тиймээс итгэлийн тунхагтаа Бурханаас
гарсан Бурхан, гэрлээс гарсан гэрэл гэж тодорхойлжээ. | |||
| |||
Views: 980 | |
Total comments: 0 | |