Монголд Христитгэл орж ирсэн тэр цагаас эхлээд сайн мэдээ
янз бүрийн арга замаар тараагдаж байна. Сайн мэдээг хүмүүст хүргэх олон янзын
арга зам байдаг ч тэдгээр арга замууд нь сайн мэдээнийхээ гол цөм болсон Есүс
Христ уруу чиглэсэн байх нь чухал юм. Сайн мэдээг хүмүүст дамжуулахтай
холбоотой хэд хэдэн уламжлалт үзэл байдгийн нэг бол "Есүс Христийн загалмайн
үхэл, загалмайн цусаар хийгдэх нүглийн уучлалыг ярихгүй байх нь өөрөө сайн
мэдээ биш хэмээх үзэл юм.” Мэдээж энэ нь үнэн бөгөөд Христэд итгэгч бүгд үүнийг
мэдэж дэмждэг. Харин энэ нь өөрөө аливаа сайн мэдээг тараах бусад арга замуудыг
үгүйсгэж Есүсийн загалмай, үхэл, амилалтыг дурьдахгүй сайн мэдээг сайн мэдээ
биш хэмээн ойлгох нь хэт нэг тал уруугаа хазайсан хэрэг болно. Есүс Самари эмэгтэйд үнэнийг хүргэхдээ "амийн ус”ны
талаарх яриаг эхлүүлсэн (Иохан 4),
Паул Афинчуудад сайн мэдээг хүргэхдээ "нэр нь үл мэдэгдэх бурханы” тухай яриаг
эхлүүлсэн (Үйлс7) зэргийг харвал тэд сайн мэдээг хүргэхдээ шууд гол цөм
зүйлийг ярилгүй харин эхлээд харилцаа болон дотоод итгэлд анхаарсан байна. Бид
сайн мэдээг хүргэхэд эхлээд тухайн хүний итгэл болон харилцааг олж авч чадвал
гол зүйлс болох Есүс Христийн үхэл, амилалтыг дамжуулахад хялбар болдог. Монголчуудад сайн мэдээг хүргэхэд дээрх үзэл мөн л сайн
үр дүнд хүргэхгүй. Монгол соёлд ялангуяа
цус ба үхлийн тухай ярхийг цээрлэдэг хүмүүст Есүс Христийн загалмай дээр
урсгасан цусаар дамжуулан хүний гэмийн асуудал шийдэгдсэн болон Есүс Христийн
загалмайн үхлийг итгэлээр хүлээн зөвшөөрч уучлал хүртэх тухай сайн мэдээг шууд ярих
нь зохистой алхам биш юм. Христийг аль хэдийн хүлээн аван чуулгандаа долоо
хоног бүр Есүсийн загалмайн цус ба үхлийн талаар заалгаж дассан хүмүүст ингэж ярих
нь хэвийн зүйл юм. Гэвч энэ талаар ямар ч ойлголт байхгүй хүмүүст шууд цус ба
үхлийн тухай ярих нь тухайн хүнийг автоматаар чихээ хааж, дургүйцлээ
илэрхийлэхэд хүргэдэг. Есүс Христийн эрхэм сайн мэдээг бусдад хүргэхэд бид сайн
мэдээнийхээ гол чиг шугамаа барьсан байхад ямар арга замаар дамжуулах нь
асуудал болохгүй гэж бодож байна. "Зарчим
өөрчлөгддөггүй, харин арга барил өөрчлөгддөг” гэдэг үг байдаг. Паул энэ
талаар "Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг”(Колоссай 4:6) гэж хэлсэн байдаг. Паулын хэлж байгаагаар бидний яриа
1-рт нигүүлсэнгүй буюу дарамт шахалт бололгүй, уяан хатан байх. 2-рт давсаар
амт оруулсан буюу сонирхолтой, сонсох хүсэл төрүүлмээр байх хэрэгтэй юм. Сайн
мэдээг аливаа уламжлалт үзэл эсвэл дүрэм журам дотор дамжуулах биш харин
харилцаа ба итгэл, уяан хатан ба сонирхолтой байдлыг анхаарч дамжуулах нь Монголчуудад
төдийгүй бүх үндэстэнд сайн мэдээг хүргэх үр дүнтэй алхам юм. Б.Баярхүү | |||
| |||
Views: 1618 | | |
Total comments: 0 | |