menu

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхгүй байх учиргүй

 

Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхгүй байх учиргүй

(There is no reason to shouldn't celebrate Christmas)

 

     Христийн мэндэлсний баярыг (Christmas) заавал тэмдэглэх шаардлагатай юу? Ер нь Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх тухайд Библи тодорхой зүйл хэлдэг үү? Христийн мэндэлсний баяр чинь явж явж шүтээн шүтэгчдээс (pagan) үүсэлтэй юм биш үү?[1] гэх зэрэг Мессианик үзэл сүүлийн үед итгэгчдийн дунд яригдах болсон. Энэ нь тийм ч гайхшрал төрүүлхүйц сэдэв биш бөгөөд угаас олон жилийн турш их мэдэгчдийн мэтгэлцээний бай болж байгаа сэдэв билээ. Мэндэлсний баярыг буруутгасан үзлүүд газар авч байгаа нь гунигтай мэдээ юм. Энэ нь олон арван итгэгчдийг мэндэлсний баяраас татгалзаж, бүр эсэргүүцэгчид болоход хүргэж байгаа нь бүр харамсалтай явдал билээ. Тэгвэл энэхүү Христийн мэндэлсний баярыг үгүйсгэж буй гол шалтгаан нь юу болох, ямар үндэс суурьтай байгааг мэдэж улмаар миний хувьд яагаад тэдгээр онол дүгнэлтүүдтэй санал нийлээгүй тухайгаа энд бичвэрэлэж байгааг уншигч та өөрийн сийрэг оюун бодолдоо эрэгцүүлж нэг үзнэ үү!

Тэгэхлээр би энд Христийн мэндэлсний баярыг өмгөөлөх байр суурь дээр байгаа гэдгээ урьдчилан хэлэх нь зүйтэй болов уу. Доор Христийн мэндэлсний баярыг үгүйсгэдэг гол таван Үгүйсгэлийн онол дүгнэлтүүдийг харуулсан ба тус бүрт няцаалт өгье.

  1. Бичээст мэндэлсний баярыг тэмдэглэх эрх, заавар өгөгдөөгүй.
  2. Мэндэлсний баярын уламжлал шүтээн шүтэгчдээс гаралтай.
  3. Христийн мэндэлсэн сар өдөр тодорхойгүй.
  4. Христмас хэмээх нэршил нь Ромын Католик утга агууламжтай.
  5. Мэндэлсний баярыг тэмдэглэхэд сүнслэг үр өгөөжгүй.

Үгүйсгэл 1: БИЧЭЭСТ МЭНДЭЛСНИЙ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ЭРХ, ЗААВАР ӨГӨГДӨӨГҮЙ

Библид Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тодорхой баримт өгөөгүй. Тэр дундаа Шинэ Гэрээний хамгийн эртний бичвэр болох Маркын Сайнмэдээнд Христийн төрөлтийн талаар огт дурьдаагүй. Бичээс буюу Библид Христийн үхлийг дурсан санах Ариун Зоог барих тухай болон долоо хоногийн эхний өдөр үхлээс амилсан Амилалын баярыг тэмдэглэх тухай заавар өгсөн байдаг ч харин Түүний энэ дэлхийд мэндэлсэн өдрийг тэмдэглэх тухай ямар ч заавар байхгүй.

 

Няцаалт:

     Хэрвээ бид Библийг явцуу утгаар нь ойлгохыг хичээвэл бидэнд Библийн сүнслэг санаа зорилго бүрэн гүйцэд харагдахгүй. Үгчлэн харах нь тухайн хэсгийн үндсэн санаа, цаад мөн чанарыг далдалдаг. Энэхүү үгүйсгэлийн дагуу байсан бол чуулган өдийг хүртэл магтан дууны баггүй, Библийн хичээлгүй, хүүхдийн цуглаангүй, өглөө оройн залбиралгүй мөн өөр бусад онцгой хөтөлбөргүй байх байжээ. Тухайн асуудлын талаар Библид яг таг үгчлэн бичээгүй байсан ч Библийн гэрэл дотор бид хариултаа авч чадна. Тэр дундаа Христийн мэндэлсэн өдрийг онцлон тэмдэглэх эсэх тухайд бол маш тодорхой хариулт гардаг.

  1. Тэнгэрт Эзэний тэнгэрэлч нар хоньчдод үзэгдэж Христийн мэндэлсэн явдал нь бүх ард түмнийг үлэмж баярлуулах мэдээ авчирсан тухай хэлдэг (Лук 2:10-12).
  2. Эзэний тэнгэрлэг дайчид Христийн мэндэлсний улмаас Бурханыг магтаж байсан (Лук 2:13-14).
  3. Хоньчид Христийн мэндэлсэн тухай сонсоод хонин сүргээ орхиж Бурханыг Хүүг харахаар явж, Бурханд талархаж байв (Лук 2:15-20).
  4. Дорно зүгээс зурхайчид Христийн мэндэлснийг сонсоод Түүнд мөргөхөөр ирж, Бурханы Хүүд бэлэг барин баяртайгаар явсан (Мат. 2:1-12).

Эдгээр түүх бидэнд Христийн мэндэлсэн өдөр ямар чухал болохыг сануулдаг. Жирийн хоньчдоос мэргэд ноёд хүртэл энэхүү мэдээг сонсоод Бурханыг магтан алдаршуулж байна. Түүнчлэн энэ нь зөвхөн газар дэлхийн хүмүүст баярт мэдээ байгаад зогсохгүй тэнгэрт Бурханы оршхуйд баяр хөөр болсон үйл явдал байлаа. Эзэний тэнгэрэлч нар, олон тооны тэнгэрлэг дайчид Бурханыг магтсан. Тэнгэрэлчийн хэлснээр энэхүү мэдээ нь зөвхөн хэсэг бүлэг хүмүүсийг баярлуулах Сайнмэдээ бус, харин газар дэлхийн бүх ард түмнийг үлэмж байрлуулах баярт мэдээ юм (Лук 2:10). Энэ бүх үйл явдал бидэнд энэхүү өдрийг баяртайгаар хүлээж авах, цаашлаад үргэлж дурсан тэмдэглэх хэрэгтэй гэдгийг илт хэлж байгаа юм. Маркын Сайнмэдээ хамгийн эртний бичвэр мөн ч адил тэгш эрх мэдэлтэй синоптик Сайнмэдээний гурван номоос хоёр нь (Матай, Лук) Христийн мэндэлсэн түүхээр эхэлж энэ түүхийг номын нэг том хэсэг болгон багтааж байгаа нь хангалттай баталгаа юм.[2] Христийн цовдлолт ба Амилал нь Сайнмэдээний амин зүрх бол Түүний төрөлт тэрхүү агуу Сайнмэдээний эхлэл мөнөөс мөн. Христ энэ дэлхийд мэндэлсэн явдал бол Бурхан хүн төрөлхтнийг хичээн их хайрладаг болохыг хамгийн тод харуулсан үйл явдал юм (Иох. 3:16). Тийм учраас бид Бурханы хайрыг батлан харуулж болох нэгэн чухал үйл явдал бол Христийн энэ дэлхийд мэндэлсэн баярт өдрийг тэмдэглэх билээ.

 

Үгүйсгэл 2: МЭНДЭЛСНИЙ БАЯРЫН УЛАМЖЛАЛ ШҮТЭЭН ШҮТЭГЧДЭЭС ГАРАЛТАЙ

Христийн мэндэлсэн баяр нь эртний шүтээн шүтэгчдийн баяраас нөлөө авсан. Христийн мэндэлсний баярыг IV зууны дунд үеэс тэмдэглэж эхэлсэн ба тухайн үед Ромчууд эртнээс Өвлийн Баярыг тэмдэглэдэг байсан нь энэ хоёр баяр хоорондоо холилдох нөхцөл нь болсон. Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх үедээ бид Ромын нарны бурхан Метрасын төрсөн өдрийг ч бас тэмдэглэдэг. Шүтээн шүтэгчид христитгэгчдийн хамт мэндэлсний баярын хамтран эзэмшигчид болцгоосон.

 

Няцаалт:

     Хоёр өөр төрлийн баяр ёслол өөр хоорондоо нөлөөлсөн байж болдог. Гэхдээ тухайн хоёр баярын чухам аль нь анхдагч байж, аль нь илүү хүчтэй, өргөн цар хүрээтэй байснаас авч өгч байгаа нөлөө нь их бага байдаг. Христийн мэндэлсний баяр нь цаг үе, газар нутгийн хувьд хиймэл шүтээн шүтэгчдийн баяр ёслолуудтай (Pagan festivities) зэрэгцэн байсан нь түүхэн үнэн юм. Тухайн үед Ромчууд арванхоёрдугаар сарын сүүлээр Өвлийн Баярыг (Saturnalia) тэмдэглэдэг байсан ба харин зэрлэгүүд гэх Варварчууд, умард Европчууд үүнтэй төстэй баяр болох Нарны шүтлэгийн баярыг (Solstice Traditions) тэмдэглэдэг байсан. Тэгэхлээр бид Өвлийн Баяр (Saturnalia) ба нарын шүтлэгийн баярыг (Solstice Traditions) хооронд нь ялгаж харах хэрэгтэй. II зууны төгсгөл хүртэл Ромд зөвхөн Өвлийн Баяр болох Saturnalia-г тэмдэглэдэг байсан. Харин нарны уламжлалт шүтлэгийн баяр буюу Solstice Traditions нь II зууны эхэн үед Ромд хараахан орж ирээгүй байсан (харин умард Европт байсан) юм. Улмаар Ромын император буюу эзэн хаан Аврелиан МЭ 274 онд умард Европоос гаралтай баяр болох Sol Invictus-ийн төрсөн өдөр (the birth of Unconquered Sun) хэмээх баярыг шинэчлэн Ромд тогтоосон юм.[3]

I зууны төгсгөл хүртэл христитгэгчдийн дунд Христийн Үхэл ба Амилалын талаар л онцлон тэмдэглэж байсан боловч II зууны эхээр Апокрифа (Apocrypha) зохиолууд болох Томасын Сайнмэдээ (Infancy Gospel of Thomas) ба Иаковын Сайнмэдээ (Proto-Gospel of James) зэрэгт Есүс Христийн хүүхэд нас ба төрөлтийн талаар илүү дэлгэрэнгүй бичиж эхэлсэн байна.[4] МЭ 200 оны үед Египетэд байсан христитгэгч нэгэн багш Есүс Христийн мэндэлсэн өдрийн тухай тайлбар бичиг гаргасан байдаг. Түүний гаргасан тайлбар бичгийн дагуу Александрын Клемент Христийн мэндэлсэн өдрийн тухайд хэдэн санал дэвшүүлсэн байна.[5] Тэгэхлээр Нарны шүтлэгт баяр (Sol Invictus) орж ирэхээс өмнө Ромд Христийн мэндэлсний баяр (Christmas) хөгжиж, энэ талаарх мэдээ тархаж байсан нь мэндэлсний баярыг Нарны шүтлэгийн баяраас (Sol Invictus) гаралтай гэж хэлэх үндэслэл байхгүй болохыг харуулж байна.

  • Ромд байсан Персээс гаралтай Метрас (Mithras) Нарны шүтлэг нь Аврелианы МЭ 274 оны шинэчлэлээр умард Европын Нарны шүтлэг Sol Invictus-д адилтгагдан ууссан гэж хэлж болох бөгөөд IV зууны төгсгөл гэхэд Метрас нь Ромоос бүр мөсөн алга болсон юм. Угаас хүч суларч байсан хуучны Метрас шүтлэг нь цаг минутаар өсөж байсан хүчтэй Христитгэлд нөлөө үзүүлэх битгий хэл Христитгэлийн нөлөөнд автан улам бүр дарагдаж байсан нь түүхээс харагдаж байна.
  • Баяр буюу Saturnalia-ын тухайд бол энэ нь Ромд эртнээс байсан баяр юм. Энэ нь Грек, бүр цаашлаад Вавилонаас гаралтай баяр ч гэж хэлж болно. Ромд энэхүү баярыг Юлийн хуанлийн (Julian Calendar) дагуу 12 сарын 17-23ны хооронд тэмдэглэдэг байсан.[6] Харин христитгэгчид Христийн мэндэлсэн баярыг 12 сарын 25нд тэмдэглэдэг байсан. Тэгэхлээр энэхүү хоёр баярыг огтхон ч нэг өдөр нэгтгэж тэмдэглэж байгаагүй. Saturnalia-г 12 сарын 17-с эхэлж долоо хоногийн турш тэмдэглэдэг уламжлалтай байсан. Saturnalia 12 сарын 23-н гэхэд бүр мөсөн баярын үйл ажиллагаа дуусгадаг байсан. Харин Христийн мэндэлсэн баярыг 25нд буюу Saturnalia-г аль хэдийн баярын үйл ажиллагаагаа хаасны дараа тэмдэглэж байсан. Тиймээс энэ хоёр баярыг хооронд нь нэгтгэж үзэх аргагүй юм. МЭ 336 онд буюу Ромын анхны христитгэлтт эзэн хаан Константины (Roman Emperor Constantine) үед Христийн мэндэлсэн баярын өдрийг албан ёсоор 12 сарын 25-н гэж тогтоосон. Энэ үед албан ёсны тунхаг гарсан ч үүнээс эрт үед христитгэгчдийн дунд Христийн төрсөн өдрийг 12 сарын 25-н хэмээн үзэж байсан байна. Үүнээс 100 гаруй жилийн өмнө Христитгэлт түүхч Юлиус Африканус (Sextus Julius Africanus МЭ 160-240 он) Христийн мэндэлсэн өдрийг 12 сарын 25-н хэмээн тодорхойлж байжээ. Учир нь цаг тооллын судлаачид хаврын өдөр шөнө тэнцэх өдрийг (spring equinox) дэлхий анх бүтээгдсэн өдөр гэж үздэг бөгөөд үүнээс даруй 4 өдрийн дараа буюу 3 сарын 25нд гэрэл бүтээгдсэн (Эхл. 1:14-19) гэвэл Есүс Христийг шинэ үе, шинэ бүтээлийн эхлэл болсон гэдгээр нь Түүний эхийн хэвлийд бүрэлдсэн өдрийг уг 3 сарын 25 гэж тооцож, үүнээс даруй 9 сарын дараа буюу 12 сарын 25нд эхээс төрсөн гэж үзсэн байна. Тэгэхээр 12 сарын 25 гэдэг өдөр нь Saturnalia-аас нөлөө авч тогтоосон өдөр биш бөгөөд Христийн мэндэлсэн баярыг Saturnalia баяраас өөр өдөр, өөр байршилд, өөр арга замаар тэмдэглэж байсан учир хоёр баярын хооронд холилдож хутгалдах явдал байгаагүй. Өнгөрсөн зуу зуу жилийн турш Христийн мэндэлсэн өдрийг нэг ч удаа шүтээн шүтэгчдийн (pagan) утга шинж илэрхийлэн тэмдэглэж байсангүй. Христийн мэндэлсэн баярын уламжлалыг шүтээн шүтэгчдээс гаралтай гэсэн үзэл нь өөрөө ор баталгаагүй хоосон гүтгэлэг юм.

 

Үгүйсгэл 3: ХРИСТИЙН МЭНДЭЛСЭН САР ӨДӨР ТОДОРХОЙГҮЙ

Христ 12 сарын 25нд төрөөгүй. Учир нь Түүний төрсөн өдөр өвөл байх боломжгүй. Христийн мэндэлсэн өдөр ямар ч тодорхойгүй байхад Түүний мэндэлсэн өдрийг тэмдэглэх явдал нь энэхүү баярыг бүхэлд нь буруу болгодог. Чуулганы эцэг Ориген хэлэхдээ зөвхөн нүгэлтнүүд л Фаорон, Херодтой адил тэдний хаадын төрсөн өдрийг тэмдэглэдэг гэсэн байдаг.

 

Няцаалт:

  • Чуулган Христийн мэндэлсэн өдрийг яагаад 12 сарын 25-н гэж үзсэн тухайд дээр дурьдсан Юлиус Африканусын гаргаж ирсэн тооцоололтой холбоотой тул энд дахин нуршихгүй. Түүнээс өөр Антиохын Теофилиус, Хипполитус нарын гаргасан өөр олон тооцооллууд энэ өдрийг 12 сарын 25-н гэж үзсэн байдаг. Ихэнх тохиолдолд Христ Есүсийн мэндэлсэн өдрийг Лук ном дахь Баптист Иоханы мэндэлсэн өдрөөр хөөж олдог (Лук 1:36). Харин зүүний Ортодокс чуулган энэ өдрийг 1 сарын 6 гэж үздэг. Энэ нь Христийн мэндэлсэн өдрийн талаар хоёр өөр үзэл байгаа гэсэн үг биш, харин цаг тооллын өөр өөр хуанли ашигладаг учраас юм. Зүүний чуулган Юлийн хуанлиг (Julian calendar ) барьдаг бол барууны чуулган үүнээс 12 хоногоор хоцорч явдаг Григорийн хуанлиг (Gregorian’s calendar) барьдаг юм.[7] Христийн мэндэлсэн өдрийг үгүйсгэж буй энэхүү үгүйсгэлийн хамгийн гол санаа нь Христийн төрөлт өвөл байх боломжгүй гэсэн үзэл юм. Тэд Лук ном дахь Христийн мэндэлж буй түүхэн дэх шөнө дунд хөдөө хээр хонио маллаж буй хоньчдыг харвал энэ цаг нь өвөл биш бөгөөд Израильд өвлийн цагаар хонийг саравчинд хашиж, харин хээр талд бэлчээдэггүй байсан гэдэг. Тэгвэл би үүний эсрэг хоёр няцаалт хэлэхэд хангалттай гэж бодож байна. Нэгдүгээрт Лук бидэнд хоньчдыг хөдөө хээр байсан гэж хэлээгүй. Тэр “тэр газарт” буюу Бетлехемийн ойролцоо байсан гэж хэлсэн (Лук 2:8). Шөнө дунд хотын гэрэл ойр орчмоо сайтар гэрэлтүүлдэг байсан ба хоньчид хотын нөмөр бараадан хонио бэлчээрлүүлдэг байсан. Хоёрдугаарт Израилийн түүхт уламжлалаас харвал тэд өвлийн цагаар бүх хонио саравчинд хашдаггүй байжээ. Тэд шинэ сар, долоо хоногийн тэмдэглэлт өдрүүдийн тахилд зориулсан малыг саравчинд хашдаггүй ба дүн өвлийн хүйтэнд ч бэлчээрлүүлдэг уламжлалтай. Өөрөөр хэлбэл тухайн хоньчид сүмийн өргөл тахилд оноогдсон хонин сүргийг Бетлехемийн ойролцоо хариулж явсан байх боломжтой.

Ориген бол тухайн үеийн олон чуулганы эцгүүдийн нэг.[8] Зөвхөн нэг хүний байр суурийг бүхэл бүтэн нэгдсэн чуулганы байр суурь гэж ойлгож болохгүй. Тэгээд ч Ориген шууд Христийн Мэндэлсний баярыг буруутгаагүй. Учир нь Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэхэд ямар ч буруу юм байхгүй. Яагаад бид Христ Эзэнийхээ мэндэлсэн баярыг тэмдэглэж болохгүй гэж? Христийн мэндэлсний баяраар олон хүмүүс Бурханы Сайнмэдээг сонсож, Бурханыг магтан алдаршуулж, итгэгчид энэ баяраар дамжуулан Бурхан дэлхийд Өөрийн авралын ажлаа хийхээр таалсан тухай зүрх сэтгэлдээ дахин нэг бясалгаж хүлээн авдаг. Тэр ч байтугай Христийг мэндлэх үед Бурханы тэнгэрэлч нар баярлан хөөрч (Лук 2:13,14), энгийн ядуу хоньчид Бурханы магтан сайшааж (Лук 2:15-20), мэргэд язууртнууд Бурханыг хүндлэн өвдөг сөгдөөгүй гэж үү? (Мат. 2:1-10) Тэгвэл яагаад өнөөдөр бид Түүний мэндэлсэн өдрийг дурсан тэмдэглэж болохгүй юм бэ? Ямар ч буруутгал байхгүй. Учир нь Христийн эхний ирэлт байхгүй бол хоёрдох ирэлт ч байхгүй байхсан шүү дээ.

 

Үгүйсгэл 4: ХРИСТМАС ХЭМЭЭХ НЭРШИЛ НЬ РОМЫН КАТОЛИК УТГА АГУУЛАМЖТАЙ

Христийн мэндэлсний баярын Christmas гэх нэршил нь хүртэл асуудалтай байдаг. Christ’s Mass гэж хэлснээр энэ баярыг Ромын Католик чуулганы ариун зоог барих ёс заншил буюу Eucharist-тай хамааралтай болгодог. Учир нь Ромын Католик тахилч (priest) ариун зоогийг барих мөчид талх ба дарс нь яг Христийн бие ба цус болж өөрчлөгддөг гэж үздэг. Ингэж үзсэнээр Христийн нэг удаагийн бүрэн төгс төлөлтийг дахин дахин хийх шаардлага бүхий дутуу дулимаг төлөөс болгож харуулдаг.

 

Няцаалт:

     Christmas гэдэг үгийг Christ + Mass гэж ойлгох хэрэгтэй. Энд “масс” хэмээх үг нь Ромын Католик чуулганы масс барих ёслолыг заагаагүй.[9] Харин “масс” гэдэг нь хурсан олон эсвэл тоо ширхэг гэсэн утга илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл масс гэдэг нь мөргөл үйлдэх, баяр тэмдэглэх зэргээр хуран цугласан олныг заадаг бөгөөд харин Ромын католик чуулганы ариун зоог барих ёслолыг заадаггүй.[10]

 

Үгүйсгэл 5: МЭНДЭЛСНИЙ БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХЭД СҮНСЛЭГ ҮР ӨГӨӨЖГҮЙ

Мэндэлсний баярыг тэмдэглэхэд Цовдлолт ба Амилалын баяртай адил сүнслэг ерөөл байдаггүй. Мэндэлсний баяр нь хэт ашгийн ба материалист шинжтэй байдаг.

 

Няцаалт:

     Христийн төрөлтийг сүнслэг ерөөлгүй, ач холбогдолгүй гэж үзэх нь биежилт, хүмүүн чанар, онгон төрөлт гэх мэт Христийн төрөлттэй холбоотой олон чухал онол теологиудыг үгүйсгэж байгаа хэрэг юм. Хэрэв Христийн төрөлттэй холбоотой эдгээр онол сургаалуудыг аваад хаячихвал бид Христийг Өөрийг нь үгүйсгэж, эцэстээ өөрсдийнхөө итгэлийг нураах болно. Жишээлбэл Христийн онгон эмэгтэйгээс төрсөн явдал бол онол теологийн хувьд маш чухал үйл явдал юм.[11] Онгон эмэгтэйгээс төрснөөр Христ эцгээс удамших төрөлхийн гэм нүглээс ангид байж чадсан ба гэм зэмгүй байснаараа загалмай дээр Өөрийн өрийн төлөө бус бусдын өрийн төлөө үхсэн юм. Тийм байтал Христийн төрөлтийг тэмдэглэн өнгөрүүлэх нь сүнслэг ерөөлгүй гэж хэлэх нь мунхаг хэрэг. Христийн мэндэлсэн өдөр нь онол теологийн ач холбогдолтой төдийгүй мөн үл итгэгчид Сайнмэдээ сонсож, итгэгчид Бурханаас тэдэнд ирсэн хайрын бэлгийг сандаг. Энэ нь тэгээд үр өгөөжгүй болж таарах уу? Харин ч үүнтэй адил үр өгөөжтэй явдал хаана ч байхгүй.

Христийн чуулганд Христийн мэндэлсэн баярыг хэзээ ч ашгийн ба материалист утгатай тэмдэглэж байсангүй. Харин чуулганаас гадуурх Христмас нэртэй баяруудад байж болзошгүй. Тэд үзвэр үйлчилгээгээр дамжуулан билет тасалж мөнгө олох, холбогдох бараа бүтээгдэхүүн зарж борлуулах эсвэл бүр Христмас баяр гэсэн нэр дор архи болон мансууруулах бодис хэрэглэх зэрэг тохиолдлууд гардаг. Гэвч Христмас баяр нэртэй арга хэмжээ болгон Христийн чуулганых гэж ойлгож болохгүй. Тэд бол нэр зээлдэн найрлан цэнгэгчид ба Христийн биеийн нэг хэсэг биш. Харин Христийн чуулган мэндэлсний баярыг цэвэр Сайнмэдээний агууламжтай тэмдэглэдэг. Христийн мэндэлсний баяр бидэнд Бурханы эрхэм бэлгийг жил бүр сануулсан хэвээр л байна. Тийм учраас энэхүү баярыг тэмдэглэх нь маш үр дүнтэй бөгөөд туйлын зөв үйлдэл юм.

 

Б.Баярхүү (2014 он)

 

 

Ашигласан материал:

 

Бялхам Амь Судлал Библи. Ариун Бичээс Библийн Нийгэмлэг. Лайф Паблишерс Интернэшиналь Хэвлэлийн газар, 2006.

ВейнГрудем. Библийн Онол Сургаал. Библийн Сургалтын Төв, Улаанбаатар, 2008.

“How December 25 Became Christmas” by Andrew McGowan originally appeared in Bible Review, December 2002.

www.bible.orgs

www.slate.com

www.taylormarshall.com

www.gty.org

www.wikipedia.org

 

[1] Анхны чуулганы үед шүтээн шүтэгчдийг паганчууд (pagans) гэж хэлдэг байв. Тэд маш олон төрлийн шүтээнтэй ба элдэв материал, дүрс зургаар шүтээнээ бүтээдэг байв. Үүнээс үүдэн цор ганц Бурхан болох Есүс Христийг үгүйсгэсэн паганизм (paganism) хэмээх олон бурхад бүхий үзэл газар авч байлаа.

[2] Шинэ Гэрээний эхний гурван номыг ижил төстэй байдлаар нь Синоптик Сайнмэдээний номууд гэж нэрлэдэг бөгөөд харин Иоханы Сайнмэдээ нь бичлэгийн хувьд нөгөө гурваасаа ялгаатай.

[3] Аврелиан нь 270-275 онд Ромын эзэн хаан суусан ба улс орныхоо зүүн болон умард мужуудыг хамгаалж, умадад Германчуудыг ялж, Европт Ромын эрх мэдлийг дахин сэргээсэн тул реститютор орбис (“Орчлонг дахин сэргээгч”) хэмээн алдаршжээ. Аврелиан нь богинохон хаанчлалынхаа хугацаанд христитгэгчдийн дунд асар их хавчлага явуулж байсан юм.

[4] Апокрифа зохиолууд гэдэг нь Библийн канонд багтаагүй (66 номоос бусад) номууд юм. Эдгээр зохиолыг дэд каноны номууд гэж нэрлэдэг ч Ромын Католик чуулган үүнийг Библид оруулж үздэг.

[5] Titus Flavius Clemens (МЭ 150 – 215 он). Тэрээр Александрын Келемент гэдэг нэрээр түүхэнд алдаршсан. Христитгэлийн теологи ба Грек философид мэргэшсэн нэгэн.

[6] Юлийн хуанли нь МЭ 46 онд Юлий цезарын Ромд танилцуулж мөрдүүлсэн хуанли юм.

[7] Григорийн хуанли нь МЭ 1582 онд Юлийн хуанлийн засварласан хувилбараар гарч ирсэн хуанли (өнөөдөр дэлхий нийтээрээ энэ хуанлиг мөрдөж байна) юм. МЭ 325 онд болсон Никаиан зөвлөлөөр Амилалын баярын өдөртэй холбоотой асуудал тавигдсан нь Юлийн хуанлийг засварлах анхны үүсэл болж өгчээ.

 

[8] Ориген (Origen of Alexandria МЭ 185-254 он) бол III зууны үеийн чуулганы эцэг төлөөлөгчдийн нэг бөгөөд Ромын муж Александрт төрж, амьдралынхаа ихэнхийг тэнд үйлчилж өнгөрүүлсэн учир заримдаа түүнийг Александрын Ориген гэж дууддаг.

[9] Масс барих гэдэг нь Ромын Католик чуулганы ариун зоог барих мөргөлийг хэлдэг. Mass хэмээх үг нь Латин үг Missa (тархах, явах) гэсэн үгнээс гаралтай.

[10] Б.Баярхүү “Шинэчлэгдсэн чуулган ба Ромын католик чуулганы харьцуулалт” нийтлэлээс дэлгэрэнгүй уншина уу.

[11] Б.Баярхүү “Христ яагаад онгон эмэгтэйгээс төрөх учиртай байв” нийтлэлээс дэлгэрэнгүй уншина уу.

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-12-23)
Views: 2611 | Tags: Христийн мэндэлсний баярыг тэмдэглэ | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: