menu

"Тэр Хүү" гэж хэн бэ?

 

Тэр Хүүгийн тухай ойлголт "The Son"

Библид тэр Хүү хэмээх нэгэн тодорхойлолт үргэлж давтагдан гардаг. Энэ маш өргөн цар хүрээг хамарсан судалгааг шаардах ба миний хувьд Шинэ Гэрээнээс нэг ном, Хуучин Гэрээнээс нэг ном сонгон авч тухайн номонд гарч буй тэр Хүүгийн талаар судлахаар болсон юм. Тэр Хүүгийн тухай ойлголт нь Христийн онолтой холбогддог ба эрт үеийн олон маргааны эх үүсвэр ч болсон байдаг. Мөн тэр Хүүгийн талаарх буруу тайлбар, үзлээс болоод олон гаж урсгалууд гарсан байдаг ба анхны чуулганы үед тэр Хүүгийн талаар итгэлийн тунхгуудад тодорхойлсон байдаг. Тэдгээр итгэлийн тунхгуудын нэг жишээ болгож Никеагийн Итгэлийн Тунхгийг харуулъя.

Никеагийн Итгэлийн Тунхгийн гол санаа Есүс Христ бол Бурханы адил түвшин, байр сууринд байдаг гэдгийг харуулах явдал байв. Ариусын тодорхойлсноор "Хүү бол Эцэг шиг” гэдэг ойлголтыг "Хүү бол Эцэгтэй адил” юм хэмээн залруулсан байдаг. Бурхан бол бүх зүйлийн бүтээгч бөгөөд сударт хэлснээр Бурхан Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан бүхнийг бүтээсэн гэж хэлсэн. Атанасиусын тодорхойлсноор "Бүтээлээс хэзээ ч бүтээл гарахгүй” гэсэн ба Есүс Христ бол Бурханы бүтээл биш, харин Бурханы адил бүтээгч чанартай Бурхан юм гэдгийг хэлсэн. Тиймээс итгэлийн тунхагтаа Бурханаас гарсан Бурхан, гэрлээс гарсан гэрэл гэж тодорхойлжээ.

Хүүгийн тухай Еврей номын илэрхийлэлт

1

Тэр Хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон

Хүү бол бүхний өвлөгч

2

Тэр Хүүгээрээ ертөнцийг бүтээсэн

Хүү бол ертөнцийн бүтээгч

3

Хүү нь Түүний алдрын туяа

Хүү бол Бурханы алдрын туяа

4

Түүний мөн чанарын бодит илэрхийлэл

­Хүү бол Бурханы бодит илэрхийлэл

5

Хүү Өөрийн хүчит үгээрээ бүхнийг барьдаг

Хүү бол бүхнийг баригч

6

Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээсэн

Хүү бол нүглийг ариусгагч

7

Тэр сүр жавхлант Нэгэний баруун гарт заларсан.

Хүү бол Бурханы баруун гарт залрагч

 

Энд Хүүгийн талаарх илчлэлтийн эхнээсээ нь дуустал бүрэн төгс байдлаар илчилж байна. Өмнө нь Бурхан ямар нэгэн байдлаар хүнээр, эш үзүүлэгчдээр, тэнгэр элч нараар үгээ айлдаж байсан бол, одоо Өөрийн Хүүгээр үгээ айлдаж байна. Хуучин гэрээнд Есүс бол бүх эш үзүүлэгчдийн гол үндэс, эх үүсвэр, өгүүлбэр бүрийнх нь үйлийн эзэн байсан юм. Бурхан олон үеүдийн турш олон янзын замаар айлдаж байсан юм. Эцэг өвгөдөд буюу Адамаас эхлээд Енох, Ноа, Абрахам, Исаак, Иаков, Иосеф болон Мосе нарт Бурханы тэр Хүүгийн тухай илчилж байсан юм. Мосегоос эхлээд Малахи хүртэл Бурхан дуулал, сургаалт үгс, эш үзүүлгийн номуудад Ариун Сүнсээр дамжуулан эш үзүүлэгчдэд Хүү ирэх тухай бичүүлж үлдээсэн юм. Эдгээр эш үзүүллгчид өөрийн санаагаар юу ч хэлээгүй бөгөөд Ариун Сүнсээр Бурхан айлдаж байлаа. Хүү бол Есүс Христ бөгөөд Бурханы бүрэн төгс илчлэлт юм. Бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн дор хүмүүст өгөгдсөнгүй (Үйлс 4:12). Бурхан илчлэлт Есүс Христээр бүрэн төгс гүйцэлдсэн. Есүс Христ бол Өөрийн эцэгтэйгээ бүрэн төгс адилхан (Иохан 1:9). Есүс Христ бол зөвхөн бүтээгч төдийгүй тэр бас бүх зүйлийн оршин тогтнох эх үүсвэр юм. Христ бол бүх ертөнцийн захирагч бөгөөд бүх зүйл түүний дуу хоолойд дуулгавартай байдаг (Филиппой 2:9-11). Хуучин болон Шинэ Гэрээн дэх тэр Хүү бол яг Есүс Христ юм.

Хүүгийн тухай Дуулал номын илэрхийлэлт

Дуулал 2:7-9 "Есүс Христ бол Бурханы өв залгамжлагч Хүү юм”

Эцэг Бурхан Өөрийн мөнхийн хаанчлалын эрх мэдлийг Хүүдээ (ирэх Мессиа) дамжуулж байгаа дүр зураг харагдаж байна. 7-р ишлэлд хэрэглэсэн "Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн” гэдэг үг нь хэдийгээр эмэгтэй хүнд хэрэглэгддэг үг мэт харагдаж байгаа ч хаан хүн өөрийн хүүг түүний нэгэн адил хаан гэдгийг зарлан тунхаглахдаа хэрэглэдэг нэр томьёо юм. Тухайн үед ард түмэнүүдийн дунд шинэ хааныг томилохдоо бүх ард түмнийг нэг дор цуглуулан хааныг зарлан тунхагладаг байсан. Үүнчлэн 2-р бүлэгт Бурхан газар дэлхийн бүх үндэстнүүдийн дунд Өөрийн Хүүг бүхнийг захирах хаанчлагч хэмээн зарлан тунхаглаж байна. Энэ нь мөн Хаадын дээд 1:32-34т гарч буй Давид өөрийн хүү Соломоныг ард түмний өмнө тослон хаан хэмээн тунхагласан үйл явдалтай адил юм. 7-р ишлэл нь Шинэ Гэрээнд Есүс Христийн байр суурийн тухай тайлбарлах үед Еврей 1:5 ишлэл дээр иш татагдан хэрэглэгдсэн байна.

Дуулал 8:4-6 "Хүүгийн хөл дор бүх юмсыг тавьсан”

Тус бүлэгт бичигдсэн эш үзүүллгүүд нь зөвхөн Есүс Христ дотор л биелэгдэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнцөд Есүс Христээс өөр эдгээр эш үзүүллгийн үгсийг бүрэн төгс биелүүлсэн нэгэн байхгүй билээ. Бурхан тэнгэр газар дээрх бүх бүтээлийг захирах эрхийг Өөрийн Хүү Есүс Христэд өгсөн юм. Шинэ Гэрээнд тус дууллаас Еврей ном олон дахин иш татсан байдаг. Еврей 2:6-8д Есүс Христийн хязгааргүй эрх мэдлийн тухай ярихдаа энэ хэсгээс иш татсан. Ефес 1:19-22т Хүүгийн сүр жавхлангийн тухай бичихдээ мөн тухайн хэсгээс шууд бусаар иш татсан байдаг. Мөн Колоссай 1:15-20, Матай 28:18 зэрэг ишлэлүүдэд энэ талаар батлан хэлсэн байдаг.  

Дуулал 45:6-7 "Хүүгийн ноёрхол үеэс үед байна”

45-р бүлэгт ирэх Хүүгийн талаар болон Түүний хийх зүйлсийн талаар тодорхой эш үзүүллэг харагддаггүй ч чухам Хүү гэгч нь хэн болох, ямар дүр төрхтэй, ямар зан чанартай, ямар байр суурьтай болохыг нь хэлсэн байдаг. Үүнээс дурьдвал Түүний сэнтий мөнхийн мөнхөд тогтоно, Тэр Өөрийн Эцэгийн адил төгс төгөлдөр, зөв шударгыг хайрладаг, Түүний баяр баясгалан нь Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэх явдал мөн Тэрээр хорон мууг үзэн яддаг зэрэг голдуу ирэх Хүүгийн гүйцэлдүүлэх зүйлсээс илүү Түүний ямар дүр төрх, ямар зан чанартай болохыг нь тус дуулал тодорхойлж өгдөг. 45-р бүлгээс Шинэ Гэрээнд хэд хэдэн газарт шууд болон шууд бусаар иш татсан байдаг. Илчлэлт 1:6-д "Христийн ноёрхол үеэс үед юм”, Еврей 1:8-д "Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн” хэмээх шууд иш таталт, Матай 3:16-17-д Есүсийн усан баптисм хүртэх үед Ариун Сүнсээр тослогдож байгаа нь "Баяр баясгалангийн тос” гэдэгтэй шууд холбогддог.

Энэ мэтчилэн тэр Хүүгийн талаар айлдсан ном бүр тодорхой нэгэн ухагдахууныг үргэлж илэрхийлсэн байдаг. Энэ бол тэр Хүү бол Бурхантай энэ тэнцүү гэсэн байр суурь юм. Иохан номонд энэ талаар маш тодорхой хэлсэн байдаг. Есүс өөрийнхөө талаар "Хүү Эцэгтэйгээ нэг”  юм гэсэн зүйлсийг олон удаа ярьсан байдаг. Хүү бол Бурханаас арай доогуур нэгэн биш, харин Бурханы адил тэнцүү нэгэн юм. Иудейчүүд "баруун гарт залрах”, "ууган хүүгийн эрх эдлэх”, "Бурханы Хүү”, "Өв залгамжлагч” гэх зэрэг ойлголтуудын талаар ярихдаа огтхон ч арай дорд гэсэн утга санааг илэрхийлдэггүй ба харин Хүү Эцэгтэйгээ яг адилхан нэгэн ба жинхэнэ Бурхан юм гэсэн санааг илэрхийлдэг байжээ. Тэр Хүү бол Есүс Христ буюу бидний Аврагч Бурхан юм. 

Б.Баярхүү

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2013-12-26)
Views: 802 | Tags: Тэр Хүү гэж хэн бэ? | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: