Иерусалимын тухай үзэл: Өнөөгийн Иерусалим хот: Энэ нь эртний Салим хот гэж үздэг. Мелхизедек хаан нь байжээ. Давид Иебусчуудаас энэ хотыг булаан авч Израилийн нийслэл ариун хот болгосон бөгөөд хаант улс хуваагдсаны дараа энэ хот өмнөд Иудагийн хаант улсын нийслэл болсон. "Бүр эрт Амарнагийн захидлуудын үед (МЭӨ 1400) энэ хотыг У-ру-са-лим гэж нэрлэдэг байсан нь ерөнхийдөө "амар тайвны хот” гэсэн утгатай Салимын хот гэсэн үг ажээ.”[2] Соломон энд сүмийг барьсан бөгөөд Хезекиагийн хаанчлалын үед Ассирчууд Иерусалимыг бүсэлж байв. "Хезекиа хаан ард түмэнтэйгээ харилцаа холбоогоо бэхжүүлэхийн тулд Иерусалим дахь сүмийг сэргээн босгож, Иуда дахь мөргөлийн төв болгохыг эрмэлзэж байжээ (2Шс. 30:1-12).”[3] МЭӨ 587 онд Вавилончуудад бүслэгдэн устгагдсан байна. Цөллөгийн дараа Зеруббабел сүмийг сэргээн босгожээ. Нехемиа хотын хана хэрмийг сэргээн босгосон бөгөөд Сирийн Антиох Ефифанес хаан хот сүм хоёрыг бузарлажээ. Ромчууд Грекийн эзэнт гүрнийг эзлэх үед Иерусалим нь тэдний харьяат хэвээр үлдэв. Херод хаан сүмийг дахин бариулсан бөгөөд Есүс энд хүүхэд (12 настай ) байхдаа ирж байлаа. Тэр бас үйлчлэлийнхээ үеэр Иерусалимд ирдэг байв. Тэр энд шүүгдэж, цовдлогдож, амилуулагдсан. Пентекостын өдөр Иерусалимд чуулган анх үүссэн бөгөөд эндээс л дэлхийн өнцөг булан бүрт сайн мэдээ тархсан юм. Мөн энд харь үндэстнүүдийн байр суурийг тодорхойлох зөвлөлийн хурал бий болсон. Иудейчүүдийн бослогын дараа МЭ 70 онд Иерусалим нь Ромчуудаар талхлагдсан юм. Түүхээс харвал Иерусалим нь хоёр удаа устгагдаж, 23 удаа бүслэлтэд орж, 52 удаа дайралтад өртөж, 44 удаа булаан эзлэгдэж байсан байна.[4] Бидний харж байгаагаар Иерусалим хот олон хүний (хааны) гар дамжин өөрчлөгдөж байсан байна. Иерусалим хотын түүхэн дэх гол өөрчлөлтүүдийг дараах байдлаар цэгцтэй харуулж болно. Хотын анхны суурьшил. Иерусалим нь Гихоны ойролцоо байсан. МЭӨ 4500-3500. Хотын талаарх библи дээрх хамгийн анхны дурдатгал. "Салим” гэж дуудагдаж байв. Эхлэл 14:18 Египетийн харьяат хот. МЭӨ 1550-1400. Иерусалим нь Египетийн харьяат хот байх үед эртний усны системийн хамгаалалт болгож хотын зүүн хэсэгт том хана барьсан байдаг. Үүнийг XVII зуунд архиологийн судалгаагаар гаргаж ирсэн байдаг. Израиль ба Иудагийн (Давидын гэр) эрин үе. МЭӨ 1000. Хаан Давид Иебусчуудаас Иерусалимыг булаан авсан тэр цагаас Иерусалим нь Израилийн нэгдсэн улсын нийслэл болсон. Иерусалим нь 400 жилийн турш Израиль болон Иудагийн нийслэл хот байсан ба хоёр улс болж хуваагдахад Иудагийн нийслэл болж үлдсэн. Вавилон гүрний эрин үе. МЭӨ 597. Иерусалим нь МЭӨ 597 онд Вавилоны гарт анхны сүмтэйгээ хамт бүрэн устгагдсан. Мөн ихэнх Иудейчүүд Вавилон уруу цөллөгт явж, цөөн хэд нь Египет уруу зугтсан байдаг. Персийн эзэнт гүрний үе. Персийн байлдан дагуулалт Вавилоныг эзлэн түрэмгийлж, Персийн II Дариус хаан еврейчүүдийг Иерусалимд очиж сүмийг дахин барихыг зөвшөөрдөг. Барилгын ажил МЭӨ 516 онд дууссан байдаг. Грекийн хаанчлалын эрин. Александр хаан Персийн эсрэг агуу байдлан дагуулалт хийсний дараа Иерусалим хот нь хелленик соёлын нөлөө бүхий Грекийн бүрэн захиргаан дор орсон. МЭӨ 167 онд бослого гарч, Иерусалим нь Хасмонианы хаанчлалын нийслэл болсон. 103 жилийн дараа Хасмонианы хаанчлал дуусгавар болсон байдаг. Ромын эзэнт гүрний эрин үе. МЭӨ 19 онд Ромчууд өөрсдийн түнш хаанаар Херодыг Еврейчүүдийн хаан суулгасан. Херодын гурав дахь сүмийг сэргээн босгох ажил гүйцэж байлаа. Талмуд болон бусад Библийн эх сурвалжуудад "Тэр өөрийн амьдралдаа тэрхүү үзэсгэлэнт байгууламж болох сүмийг хэзээ ч хараагүй” гэсэн байдаг. Херод МЭӨ 4 онд нас барсан бөгөөд Иуда ба Иерусалим нь Ромын бүрэн удирдлага доор орсон юм. Энэ үеэс Иерусалим хот нь Христэд итгэгчдийн өвөг дээдсийн өлгий нутаг болж, Есүс Христ тэнд үхэж, амилуулагдсан. Үүний дараагаас Петекостын өдрийн Ариун Сүнсний ажлаар сайн мэдээ эндээс эхлэн тархсан байна. Бидний мэдэж байгаагаар МЭ 66 онд Ромын хаанчлалын эсрэг гарсан Еврейчүүдийн агуу бослого болсон. Үүнийг хариулж эзэн хаан Тит Иерусалимын ихэнх хэсгийг нурааж, мөн сүмийг устгасан байна. Ромын Аелиа Капитолинагийн эрин. МЭ 135. Ромын хаан Хадриан (Hadrian) Иерусалимыг сэргээн засварласан. Хадриан зарим Еврейчүүдийн аж амьдралд хязгаар тавьсан учраас Симон Бар Кохбагаар удирдуулсан бослого гарч энэ үеэр бараг хагас сая Еврейчүүд алагдсан байдаг. Дахин Иерусалим хот Ромын захиргаанд орж дараагийн 150 жилийн турш Иерусалим нь харанхуй, Ромчуудын хувьд эс чухал хот болсон. Византын байлдан дагуулалтын эрин. Византын хаан Константин мөн Иерусалимыг мөргөлийн төв болгон сэргээн засварласан байдаг. Иерусалимд 335 онд болсон Никаеаны анхны зөвлөлийн VII Канон хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Дундад эрин үе. МЭ 636 онд Иерусалим Мусульманчуудад эзлэгдэж Иерусалимын сүмийн ууланд бөмбөгөр оройтой Мусульманы сүм барьсан. МЭ 1099 онд Иерусалим нь анхны загалмайтны аян дайнаар 100 жилийн турш Христэд итгэлтнүүдийн мэдэлд шилжсэн. Түрэгийн (Ottoman) байлдан дагуулалтын эрин. МЭ 1517. Түрэгийн байдлан дагуулалтаар дамжуулан Иерусалимд шашны амар амгалан тогтсон. Еврейчүүд, Христитгэл, Мусульманы шашны аль аль нь чөлөөтэй байлаа. Иерусалим нь Түрэгийн удирдлага дор Дэлхийн I дайны үеэр Британийн мэдэлд орох хүртэл байсан юм. Британийн мандат эрин. 1948 онд Дэлхийн I дайнаар Британичууд Иерусалимыг удирдах болсон. 1947 оны 11 сарын 29 нд Нэгдсэн Улсуудын Ерөнхий Хурлаар Британийн мандат улс Палестиныг хоёр улс болгон хуваасны нэг нь Еврей, нөгөө Араб болсон юм. Үүгээр Иерусалим нь олон улсын удирдлагад шилжсэн. Иордан болон Израиль хоорондын зөрчлийн үе (1948-1967). 1948 оны Араб – Израилийн дайнаар Иерусалим нь хоёр хуваагдсан юм. Израилийн эрин үе. Зургаан өдрийн дайнаар дамжуулан зүүн Иерусалим Израилийн хамгаалалтын хүчинд эзлэгдэж Израилийн бүрэн удирдлагад шилжсэн юм. Ирэх шинэ Иерусалим хот: Библид шинэ Иерусалимын тухай "дээр оршигч Иерусалим” (Гал. 4:26), "тэнгэрлэг Иерусалим” (Евр. 12:22), "ариун хот” (Илч. 21:2, 10) гэх зэргээр дүрслэн хэлсэн байдаг. "Иерусалимыг Библи дээр 60 янзын нэрээр нэрлэсэн байдаг. Зөвхөн Иерусалим гэдэг үг Иошуа 10:1-р эхэлж ХГ дээр нийт 600 удаа дурдагдсан байдаг.”[5] Шинэ Иерусалим нь Хуучин Гэрээнд Бурханы байр сууц гэх утгаар ойлгож байсан бол Шинэ Гэрээнд ариун хүмүүсийн гэр хэмээн үзэгдэж байгаа бөгөөд энэ талаар дараах хэсэгт илүү дэлгэрэнгүй харуулсан. Асар болон сүмийн загвар нь тэнгэрлэг сүмийн загвараар илэрхийлэгдсэн байдаг ба шинэ Иерусалимын талаар "Бурханы асар хүмүүсийн дунд байна” (Илч. 21:3) гэж хэлсэн. Илчлэлт 21-р бүлгээс харвал шинэ Иерусалимыг физик (Илч. 21:12-21) болон сүнслэг (Илч 21:22) хоёр байдлаар дүрслэн харуулжээ. Хуучин Гэрээн дэх шинэ Иерусалимын тухай ойлголт Хуучин Гэрээнд тэнгэрлэг Иерусалимын тухай хоёр ухагдахуун илэрхийлж байдаг. Дэлхийлэг болон тэнгэрлэг, "уулан дээрх” болон "дээд шүтээн”. Езекиел 28:14, 16-17-д "Бурханы ариун уул”, Дуулал 2-т Бурхан тэнгэрт залардаг бөгөөд Сион, ариун уул гэх мэтээр Бурханы орших газрыг дүрсэлсэн байдаг. Давидын дууллуудад Бурхан Өөрийн гэрт эсвэл өөрийн сүмд байдаг гэж хэлдэг (Дуу. 11:4, 23:6, 26:8, 27:4, 138:2). Гэвч газар дээрх сүм Давидыг нас барахаас өмнө баригдаагүй. Харин түүний хүү болох Соломон хаан газар дээрх тэрхүү сүмийг барьсан юм. "Үнэндээ Иерусалимын талаарх эхний ишлэл нь Салимын хаан Мелхизедиктэй Абрахам уулзаж байгаа тухай үйл явдалд (Эхл. 14:17-24) дурдагдсан байдаг. Уламжлалт үзэл болон олон хүний бодлоор Абрахам хүү Исаакаа Мориа уулан дээр өргөл болгох гэж байсан (Эхл. 22:2, 2Шс. 3:1) тэр газар хэдэн зууны дараа Соломон хааны Бурханы өргөө боссон гэдэг.”[6] Еврей Библид "Ариун сүм” болон "тэнгэр дэх сэнтий” гэх хоёр ойлголт нь паралель байдаг ба адил юм (Егр. 25:9). Тиймээс хэрвээ газар дээрх ариун сэнтийн загвар гэж байгаа юм бол мөн түүнчлэн газар дээрх ариун хот гэж байхгүй гэж үү? Еврей 9:11-т тэнгэрлэг юмсыг хуулбар байгаа тухай хэлсэн. Хуучин Гэрээний ойлголтоор Иерусалим нь мөнхөд орших тухай хэлсэн эсэхийг харвал Дуулал 125:1-т "үл хөдлөх уул, Сион мөнхөд оршдог” тухай хэлсэн. Гэхдээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид газар тэнгэр цааш үргэлжлэхгүй гэж хэлдэг (Иса. 34:4). Хэрвээ Иерусалим нь мөнхөд байх юм бол шинэ Иерусалимын тухай эш үзүүллэг яах вэ? Энд Иерусалим нь хэвээр үлдэж зөвхөн газар тэнгэр нь өөрчлөгдөх тухай ярьж байна уу? "Протестант ертөнцөд газрыг бүхэлд нь устгаад оронд нь өөр газар бий болгох уу, эсвэл зүгээр л өөрчлөгдөн шинэчлэгдэх үү гэдэг дээр санал зөрөлддөг. Беркхоф хэлэхдээ, Лутеран судлаачид цоо шинэ бүтээл байх болно гэдгийг онцгойлсон байдаг бол Шинэчилсэн теологичид одоогийн бүтээл шинэчлэгдэх болно гэсэн ишлэлүүдийг онцолдог ажээ.”[7] Хуучин гэрээнд шинэ Иерусалимын тухай Шинэ Гэрээтэй адилхнаар тэр нь тэнгэрээс бууж ирнэ хэмээсэн тодорхой үг хэллэг байдаггүй ч шинэ тэнгэр, шинэ газар бий болох тухай тодорхой хэлсэн байдаг. Тэгэхлээр шинэ Иерусалимын тухай дээрх хоёр үзэл өнөөгийн итгэгчдийн дунд голлох байр суурь эзэлж байгаа нь ойлгомжтой байна. Шинэ Гэрээн дэх шинэ Иерусалимын тухай ойлголт: Шинэ Иерусалимын тухай Хуучин Гэрээний ойлголтыг Шинэ Гэрээ ч мөн батлан харуулдаг. Паул дээр оршигч Иерусалим (Гал. 4:26) гэж нэрлэж, Еврей номын зохиогч тэнгэрлэг Иерусалим (Еврей 12:18-22) гэж нэрийдсэн. Шинэ Гэрээнд мэдээж Илчлэлт ном энэ талаар хамгийн дэлгэрэнгүй мэдээллийг бидэнд өгдөг. "Иоханд үзэгдсэн Ариун хот нь ертөнцийн төгсгөлд үнэхээр Бурханаар бүтээгдэнэ.”[8] Илчлэлт ном нь тухайн үеийн Иерусалим МЭ 70 онд Ромчуудаар устгагдсаны дараа бичигдсэн. Шинэ Иерусалимын тухай яриа яах аргагүй хуучин Иерусалимын түүхийг тэдэнд сануулж байдаг. Иохан шинэ Иерусалимыг нөхөртөө гарч буй сүйт бүсгүйгээр төлөөлөн бичсэн байдаг (Илч. 21:19). Харин Есүс энэ талаар бидэнд орон байр бэлдэхээр явлаа гэдэг (Иох. 14:3). Тухайн үеийн гэрлэлтийн заншил нь болзоот залуу хурим болохоос өмнө орон байраа бэлдэхээр сүйт бүсгүйгээ орхин явдаг байжээ. Ингээд болзоот залуу бэлэн болон буцан ирж сүйт бүсгүйг бэлдсэн орон байрандаа аваачдаг. Үүний адил шинэ Иерусалим нь Есүсийн өөрийн сүйт бүсгүй болох чуулганд (итгэлийн хүмүүст) бэлдсэн орон байр нь болох тухай Шинэ Гэрээ бидэнд харуулдаг. Б.Баярхүү
[1] Бялхам Амь Судлал Библи. Ариун Бичээс Библийн Нийгэмлэг. Лайф Паблишерс Интернэшиналь Хэвлэлийн газар, х2266 [2] Ж.Д.Дуглас, Меррилл С.Тенни. Библийн Хураангуй Толь Бичиг, х327 [3] Жон Дрэйн. Хуучин Гэрээг Танилцуулахуйд. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, х164 [4] Эрик Клаины "Бүслэгдсэн Иерусалим” хэмээх тэмдэглэлээс авсан мэдээ. [5] Ж.Д.Дуглас, Меррилл С.Тенни. Библийн Хураангуй Толь Бичиг, х327 [6] Ж.Д.Дуглас, Меррилл С.Тенни. Библийн Хураангуй Толь Бичиг, х328 [7] Вейн Грудем. Библийн онол сургаал. Библийн Сургалтын Төв, х469 [8] Томас Хэйл. Шинэ Гэрээний Тайлбар Толь. Монголын Теологийн Өргөтгөсөн Сургууль, х995 | |||
| |||
Views: 1325 | | |
Total comments: 0 | |