menu

Миний хайр цуглаанаас хэтрэх үү?
99999


1 Тесалоник 3:12-13

    Чуулганы удирдагчид хүнтэй яаж харьцах талаар сайн сурч бас дадлагажсан байх хэрэгтэй гэж би боддог. Учир нь чуулганы удирдагч бол зөвхөн цуглаанд орж ирж байгаа хүмүүст Бурханыг илчлэн харуулах биш харин цуглааны гадаа байгаа хүмүүст ч мөн адил Бурханыг илчлэх үүргэтэй юм. Бусдад үйлчлэхийн нэг гол зүйл бол тэднийг хайрлах явдал байдаг. Баян ч бай ядуу ч бай, сайн ч бай муу ч бай, дуртай хүн ч бай дургүй хүн ч бай яг адилхан хайрлах ёстой. Есүс биднийг ямар ч үед хэнийг ч хайрлаж байхыг заасан. Иохан 3:16-ийн эхэнд "Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас Есүс Христийг илгээсэн” гэж хэлсэн. Ертөнц гэж юуг хэлж байгаа юм бэ? Байгаль дэлхийг үү? Аль эсвэл дэлхий болон түүний дээр байгаа ан амьтадыг уу? Үгүй хүн төрөлхтөнийг хэлж байна. Тэгвэл энэ нь юу гэсэн үг вэ? Зөвхөн итгэгч, цуглаанд байгаа хүмүүсийг хайрласан учраас Есүс Христийг энэ дэлхийд илгээсэн гэж үү? Бүх хүнийг буюу Бурханыг дагадаг болон эсэргүүцдэг бүх хүнийг хайрласан учраас Есүс тэдний ирсэн юм. 12-р ишлэл дээр биднийг бие биеэ хайрлахаас гадна бүх хүнийг хайрлах хайр дотор баялхуулах тухай хэлсэн. Цуглааны дотор байгаа хүмүүсийг хайрлахад амархан. Есүсийг хайрладаг хүмүүсийг хайрлахад амархан. Харин Есүсийг мэдэхгүй, Түүнийг эсэргүүцдэг цуглааны гадна байгаа хүмүүсийг хайрлах нь хэцүү. Харин Есүс тэднийг ч мөн адил хайрла гэсэн. Цуглааны удирдагчид үүнийг хийж чаддаг уу! Бид бие биеэ хайрладаг шиг бусадыг ч гэсэн хайрлах учиртай. Ялангуяа хэрэв цуглааны удирдагч бол энэ тал дээрээ илүү ажиллах хэрэгтэй. Зүгээр нэг хайрлах биш бүр бялхам хайрлах тухай Есүс хэлсэн. Энэ нь бид өөрсдийн дотор хайрыг бий болгоод зогсохгүй тэр хайрыг зүрхэндээ нутагшуулж, үндэслүүлж, суурилуулж тэр хайрыг ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох явдал юм (Ефес 3:17-18). Тиймээс бид биеэ болон бусад бүх хүнийг хайрлах хайр дотор өсөн бялхах хэрэгтэй. Яаж? 12-р ишлэлийн эхэнд "Бид та нарын төлөө байдаг шиг” хэмээжээ. Паул, Тимот, Силас нар Тесалоникчуудын төлөө ямар байсанчлан тэд ч гэсэн энэ жишээний дагуу биенээ болон бусдыг хайрлахыг хүссэн. Учир нь тэр гурав бусдыг яаж хайрлахыг тэдэнд өөрсдийн биеэрээ харуулсан бөгөөд үүнийг нь Тесалоникчууд сайн санаж байгаа болохоор юм. Тэд аль хэдийн өөрсдөө энэ байдлыг Тесалоникчуудын нүдний өмнө үйлдсэн учраас одоо тэднийг ч гэсэн өөрсөдтэй нь адилхан үйлдэхийг ятгахдаа "Бид та нарын төлөө байдаг шиг” хэмээн зоригтойгоор хэлж чадаж байна. Энэ бол удирдагч хүмүүсийн хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл юм. Бие биеэ болон бусдыг хайрлах хайр дотор өсөн бялх. Хэн? Эхлээд удирдагчид! Тэгээд цуглааны хүмүүст үүнийг үйлдэхийг сануул. Харин Эзэн үүнийг тэдэнд бялхуулах юм.   

    Хоёр жилийн өмнөхөн би өөрийгөө цуглааны ахлагч бөгөөд хүмүүсийн дунд гэм зэмгүй гэж бодож байлаа. Гэхдээ нэгэн эмэгтэйн үгийг сонсохоос өмнө. Тухайн үед би цуглааны ахлагч болоод удаагүй, цуглаанаар орж гарч аминдаа олон ажил амжуулах санаатай их завгүй байв. Миний дотор "Би ер нь болж байна. Яахав дажгүй шүү. Хүмүүс ч миний талаар надтай адилхан бодож байгаа” гэсэн бодол нууцаар оршиж байсан. Нэг өглөө их л яаруу цуглаанаас гарч явлаа. Цуглааныхаа хаалгыг хаагаад орцны хаалгаар гарах гэтэл орц цэвэрлэж байсан жижүүр эмэгтэй их л ууртайгаар "хаалгаа хааж байгаа ч та нар, паар хөлдөөлөө” гэж араас чанга дуугаар хэлэв. Би ч дуугүй өнгөрсөнгүй. Олон тоон дээр "та нар” гэж хэлсэн болохоор цуглааныханаа өмөөрөөд бас өөрийгөө өмөөрөөд "энэ хаалгаар чинь зөвхөн манай цуглааныхан орж гардаг юм уу?” гэж хэлээд гараад явчихав. Улам уурлаж огшсон эмэгтэй миний араас "Чи яасан тэнэг хүн бэ? Хүнтэй зөв харьцаж чадахгүй байж чи яаж өөр олон хүнтэй харьцах юм бэ?” гэж орилов. Юу билээ! Би шалавхан холдож явсан ч миний дотор зог тусаж, тэр эмэгтэйг биш өөрийгөө буруушаав. 1-рт би энэ хүнтэй өөрсдийгөө өмгөөлж харьцах биш харин шаардлагыг нь хүлээж авах ёстой байсан. 2-рт би цуглааны гадна байгаа түүнтэй адил хүмүүстэй зөв харьцаж чадахгүй байж яаж цуглааны тэр олон янзын зан ааштай хүмүүсийг удирдаж чадах билээ. 3-рт энэ хүн зөвхөн орцны айлуудын төлөө биш бас тэр орцонд байрлаж байнга хүн орж гардаг манай цуглааны төлөө энэ үгийг надад хэлсэн байж. Учир нь паар хөлдвөл манай цуглаанд ч гэсэн муугаар нөлөөлнө. Би тэгж гарч яваад нэгхэн цагийн дараа буцаад цуглаан уруугаа явж ортол орцны паар аль хэдийн хөлдөөд хагарсан байлаа. Надаас хойш орж гарсан хүмүүс орцны хаалгыг онгорхой орхисон байж, тэгээд бөөн уур цан болж, засварчин ирчихсэн, цуглааны үүд ч бохирдсон байлаа. Үүнийг хараад л би юу бодож явсанаа, юу ойлгоогүй явсанаа ухаарсан юм. Бид зөвхөн итгэгчидтэй биш бүх хүмүүстэй зөв харьцаж сурах хэрэгтэй. Тэднийг хайрлаж сурах хэрэгтэй. Ялангуяа удирдагчид бид! Ингэвэл Христ Есүс ирэхэд Тэр бидний зүрхийг Бурханы өмнө гэм зэмгүй болохыг батлах болно. Бидний зүрхэндээ гэм зэмгүй болохыг бидний бусдыг хэрхэн хайрлаж байгаа байдал маань батлан харуулах юм.

    Үүнийг үйлчлэлдээ хэрхэн бодитоор хэрэгжүүлж болох талаар хэсэг бодлоо. Цуглааны итгэгчид хамтдаа цуглан нөхөрлөж, бие биеэ хайрлах хэрэгтэй. Бас цуглаанаас гаран эргэн тойрондоо хайрыг харуулах ч ёстой. Тэгвэл бид яаж энэ хоёр талыг тэнцвэржүүлэх вэ? Аль нэг талыг нь хэтрүүлж цуглаанаас хөндийрүүлж эсвэл цуглаанд бүгүүлэхгүй байх талаар удирдагчид ажиллах хэрэгтэй. Ихэнхи итгэгчид цуглаанд хорогдоод нийгэмд гарч ажиллах, үйлчлэх дургүй байдаг. Энэ нь цуглаанаас хэрэгцээг нь хангаад байдаг учраас цуглаанаас гарч ажиллах дургүй, идэвхигүй болчихдог. Цуглаан тэдгээр хүмүүсийн амьдралыг насан туршид нь хариуцаж чадахгүй. Тэд нийгэмд гарч тал бүрийн салбарт ажиллаж амьдрах хэрэгтэй. Харин хамтран цуглахаа умарталгүй цуглаандаа цугларч бие биетэйгээ нөхөрлөхөө орхигдуулж болохгүй. Ингэвэл тэд хэнтэй яаж харьцахаа мэддэг бас бүх хүнийг хайрладаг болно. Харин цуглаан яаж үүнийг хийх вэ? Энэ нь цуглаанаас нийгэмд хийх үйлчлэл (асрамжийн газарийн үйлчлэл, хорихын үйчлэл, хүүхдийн үйлчлэл гм..) –ийг тусгайлан зохион байгуулж итгэгчдээ түлхэн оруулах байж болно. Мөн нийгмийн сургалт семинар, зөв зохистой хөдөлгөөнд идэвхитэй оролцож үзэх хэрэгтэй. Ингэж байж бид биеэ биеэсээ гадна бусдыг таниж мэдэж, таниж мэдсэнээрээ тэднийг хайрлаж чадах юм. Тэгээд бид Бурханы өмнө гэм зэмгүй гэдгээ тэдэнд батлан харуулах юм. Миний хувьд одоохондоо туршлага бага залуу ахлагч боловч эхнээсээ хүмүүст үлгэр жишээ хандаж тэднийг бүх талаар нь хөгжүүлэхийг чухал гэж боддог. Би одооноос Христчин бас нийгмийн зөв зохистой аливаа цугларалтад хамрагдахад итгэгч нараа хөхүүлэн дэмжих талаар анхаарч байгаа бөгөөд тэднийг зөвхөн бие биеэ хайрлахаас гадна өөр бусад бүх хүмүүсийг хайрлахад сургахыг хичээж байна. Ингэвэл бид нийгэмд ч бусдад нээлттэй хандаж сайн мэдээг ч гэсэн тараахдаа тухайн хувь хүний талаас нь харж, ойлгож, хайрлаж илүү үр дүнтэй ажиллаж чадах юм. Удирдагч хүний үүрэг бол итгэгчдээ Бурханы үгээр өсгөж, мөн бүх талаар Христтэй адилхан болж өссөхөд нь дэмжих явдал юм. Тиймээс бид өөрсдийгөө нийгэмд гэрэл мэт харуулахын тулд бас Бурханы өмнө зүрхэндээ гэм зэмгүй болохоо батлахын тулд бид бүх талаараа өсөх хэрэгтэй. Ариун байдал дотор бүх хүнийг хайрлаж сурах явдал юм. Эхлээд би өөрөө үүнийг үйлдэж бусдад гэрчлэл болох нь хамгийн сайн арга. Яг л Тесалоникчуудад зааварчилсан Паул болоод түүний нөхөдтэй адилхан байх хэрэгтэй. Христ биднийг яаж хайрлаж бидний төлөө яаж үйлдснийг удирдагчид мөн адил дуурайж итгэгчидээ хайрлан үргэлж тэдний төлөө сэтгэлтэй байж үйлдэх нь зүйтэй юм. Бидний үйлчлэл бол хүний өмнө биш бөгөөд Бурханы өмнө учраас Тэр Өөрөө бидний зүрхийг гэм зэмгүйгээр батлах болно. Бид одоо ямар түвшинд байна түүнээсээ л эхлээд бие биеэ болон бусад бүх хүмүүсийг хайрлахад суралцах хэрэгтэй. Харин Бурхан энэ хэрэгт биднийг өсгөн бялхуулах болтугай. Амен.

 

Б.Баярхүү          

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2013-02-05)
Views: 585 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: