Дуулал 2:7-9 "Есүс Христ бол Бурханы өв залгамжлагч Хүү юм” Эцэг Бурхан Өөрийн мөнхийн хаанчлалын эрх мэдлийг Хүүдээ (ирэх Мессиа) дамжуулж байгаа дүр зураг юм. 7-р ишлэлд хэрэглэсэн "Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн” гэдэг үг нь хэдийгээр эм хүйсний хүн хэрэглэх үг мэт харагдаж байгаа ч хаан хүн өөрийн хүүг түүний нэгэн адил хаан гэдгийг зарлан тунхаглахад хэрэглэдэг нэр томьёо юм. Тухайн үед ард түмнүүдийн дунд шинэ хааныг томилохдоо бүх ард түмнийг нэг дор цуглуулан хааныг зарлан тунхагладаг байсан. Үүнчлэн 2-р бүлэгт Бурхан газар дэлхийн бүх үндэстнүүдийн дунд Өөрийн Хүүг бүхнийг захирах хаанчлагч хэмээн зарлан тунхаглаж байна. Энэ нь мөн Хаадын дээд 1:32-34т гарч буй Давид өөрийн хүү Соломоныг ард түмний өмнө тослон хаан хэмээн тунхагласан үйл явдалтай адил юм. 7-р ишлэл нь Шинэ Гэрээнд Есүс Христийн байр суурийн тухай тайлбарласан Еврей 1:5 ишлэл дээр иш татагдсан байна. Дуулал 8:4-6 "Есүс Христийн хөл дор бүх юмсыг тавьсан” Тус бүлэгт бичигдсэн эш үзүүллэгүүд нь зөвхөн Есүс Христ дотор л биелэгдэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл дэлхий ертөнцөд Есүс Христээс өөр эдгээр эш үзүүллэгийн үгсийг бүрэн төгс биелүүлсэн нэгэн байхгүй билээ. Бурхан тэнгэр газар дээрх бүх бүтээлийг захирах эрхийг Есүс Христэд өгсөн юм. Шинэ Гэрээнд тус дууллаас Еврей ном олон дахин иш татсан байдаг. Еврей 2:6-8д Есүс Христийн хязгааргүй эрх мэдлийн тухай ярихдаа энэ хэсгээс иш татсан. Ефес 1:19-22т Есүс Христийн сүр жавхлангийн тухай бичихдээ мөн тухайн хэсэгээс шууд бусаар иш татсан байдаг. Мөн Колоссай 1:15-20, Матай 28:18 зэрэг ишлэлүүдэд энэ талаар батлан хэлсэн байдаг. Дуулал 22:1-21 "Христийн загалмай дээрх зовлон” Дуулал 22 бүлэг бүхэлдээ Есүс Христийн загалмай дээрх авралын ажлын тухай эш үзүүллэг юм. Есүс Христийн загалмай дээр эдэлсэн зовлон (11-21), загалмай дээр залбирсан залбирал (1-5), загалмай дээр амссан доромжлол (6-8) зэргийг энэ дуулал тодорхой хэлдэг. Есүс Христийн талаарх эш үзүүллэгүүд дундаа онцгойлон хүн төрөлхтний төлөө Бурханы уур хилэнг үүрэн загалмай дээр цовдлогдож буй Есүс Христийн тухай хамгийн тод томруунаар тус дуулал бидэнд хэлдэг. Дуулал 22 бүлгийн Шинэ Гэрээн дэх биелэлт бол сайн мэдээний эхний 4 ном байдаг. Өөрөөр хэлбэл Миссиагийн тухай бичигдсэн эдгээр үгсүүд Есүс Христ дотор нэг бүрчлэн биелэгдсэн байдаг. Дуулал 40: 6-7 "Золилтыг авчрахаар ертөнцөд ирэх Есүс Христ” Тус дуулал нь Есүс Христийн тухай тодорхой зүйлийг шууд өгүүлсэн эш үзүүллэггүй ч бид Еврей номонд тухайн дууллаас иш татсаныг харвал энэ нь Есүс Христийн тухай өгүүлсэн дуулал болохыг мэдэж болно. Хуучин Гэрээний бүхий л ёслолууд нь дангаараа хангалтгүй бөгөөд хожим авралыг бүрэн төгс гүйцэлдүүлэх Есүс Христийн тухай хэлэхдээ "Тахил болон идээн өргөлийг Та хүсээгүй” гэж тодорхойлжээ. 6-р ишлэлд Хуучин Гэрээний тахил ба ёслолууд нь хангалттай биш гэдгийг хэлсэн бол 7-р ишлэлд золилтыг авч ирэх Есүс Христийн тухай өгүүлж байна. Шинэ Гэрээнд Еврей 10:5-10 ишлэлд Христ үхэлд дуулгавартай байснаараа бид ариусгагдсан гэсэн санааг тус дууллаас иш татан хэлсэн байдаг. Дуулал 41:9 "Есүс Христ үхэлд тушаагдсан нь” 9-р ишлэлд Есүс Христийн эсрэг өсгийгөө өргөсөн нэгэний тухай өгүүлж байна. Өөрөөр хэлбэл Есүсийн дагалдагчдын нэг болох Түүнээс урвасан Искариотын Иудасын тухай эш үзүүлсэн. Иудас Есүсийн итгэлт нөхөр байсан ч Түүнээс урвасан (Матай 26:14-16). Гэхдээ энэ ишлэл Иудасын тухай өгүүлэхээсээ илүү Есүс Христ хэрхэн үхэлд тушаагдаж байгаа талаар бидэнд хэлж өгдөг. Дуулал 45:6-7 "Христийн ноёрхол үеэс үед байна” 45-р бүлэгт ирэх Миссиагийн талаар болон Түүний хийх зүйлсийн талаар тодорхой эш үзүүллэг харагдаггүй ч чухам Миссиа гэгч нь хэн болох, ямар дүр төрхтэй, ямар зан чанартай, ямар байр суурьтай болохыг нь хэлсэн байдаг. Үүнээс дурьдвал Түүний сэнтий мөнхийн мөнхөд тогтоно, Тэр Өөрийн Эцэгийн адил төгс төгөлдөр, зөв шударгыг хайрладаг, Түүний баяр баясгалан нь Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэх явдал мөн Тэрээр хорон мууг үзэн яддаг зэрэг голдуу ирэх Миссиагийн гүйцэлдүүлэх зүйлсээс илүү Түүний ямар дүр төрх, ямар зан чанартай болохыг нь тус дуулал тодорхойлж өгдөг. 45-р бүлгээс Шинэ Гэрээнд хэд хэдэн газарт шууд болон шууд бусаар иш татсан байдаг. Илчлэлт 1:6-д "Христийн ноёрхол үеэс үед юм”, Еврей 1:8-д "Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн” хэмээх шууд иш таталт, Матай 3:16-17-д Есүсийн усан баптисм хүртэх үед Ариун Сүнсээр тослогдож байгаа нь "Баяр баясгалангийн тос” гэдэгтэй шууд холбогддог. Дуулал 69 "Бурханы өргөөний төлөөх хичээл зүтгэл” Энэ дуулалын зарим хэсэг нь Есүсийн зовлонгийн тухай урьдчилан харуулсан байдаг. Харин 5, 22-28 зэрэг ишлэлүүдэд гарч буй гэмшил, хараал зэрэг нь Христэд хамаагүй байдаг. Христ бурханлаг бус хүмүүсийн хавчлагыг амсаж, загалмайн зовлонг туулсан гэсэн сэдвийг тус дуулал өөртөө агуулж байдаг. Тус дуулал нь бүхэлдээ Есүс Христийн талаар хэлдэггүй ч зарим хэсэг нь Есүс Христийн эдлэх хавчлага зовлонтой холбогддог. Өөрөөр хэлбэл тухайн үед Давид зөвт хэрнээ хавчигдан зовж байсан бол ирэх Миссиа ч гэсэн түүний адил бурханлаг бус хүмүүсийн гарт зовлон эдлэх тухай урьдчилан хэлсэн байдаг. Шинэ Гэрээнд Иохан 2:17-р ишлэлд Есүс сүмийг цэвэрлэснээс болж Иудейчүүд Түүнийг буруутгаж байгаа нь тухайн дууаллын үед Давид ч мөн Эзэний өргөөний төлөө хичээл зүтгэл гаргасан боловч түүнээсээ болж зовлон амсаж байгаатай холбогдож байна (69:9 "Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж”). Дуулал 89 "Есүсийн Христийн мөнхийн хаанчлал” Тус дуулал нь Бурхан Давидтай байгуулсан гэрээг бидэнд хэлж өгдөг нь мөн Давидын удмас төрөх Есүс Христийн хаанчлалыг тодорхойлсон байдаг. Шинэ гэрээнд бид энэхүү эш үзүүллэгийн биежилтийг Есүс Христ дотор харж чаддаг. Бурхан амалсныхаа дагуу Давидын удмаас Аврагч Есүсийг Изриальд авчирсан (Үйлс 13:23). Хэдий Давидын удамын хаад Бурханы өмнө бүгд дуулгавартай хандаагүй ч Бурхан амлалтаа сахин Есүс Христийг Түүний удмаас төрүүлж, Есүс Христ бүх талаараа Бурханд дуулгавартай байсан нь Түүний хаанчлал мөнхөд тогтох амлалтыг биелэлээ олоход хүргэсэн юм. Дуулал 102:1-11 "Дэлхийн суурийг тавьсан ба мөнхөд оршино” Энэ бүлэг Есүс Христтэй ямар ч холбоогүй дуулал мэт харагддаг. Гэтэл Шинэ Гэрээнд Еврей номын зохиогч Есүс Христийн талаар тодорхойлон хэлэхдээ тухайн дуулалаас иш татсан нь энэ дуулалыг ч гэсэн Есүс Христ холбогдуулан авч үзэх бүрэн боломжтой гэдгийг харуулж байна. Онцгойлон 1-11 ишлэлд зовлон бэрхшээлүүдийн тухай бичсэн нь мөн Есүс Христийн эдэлсэн зовлон бэрхшээлүүдтэй эн зэрэгцэж байдаг. Цаашибал 12-28 ишлэл бас Есүс Христийн хаанчлал, бүтээлийн үеэрх Түүний үйлс болон мөнх байдлын тухай өгүүлж байдаг. Шинэ Гэрээнд энэ талаар Еврей номоос бусад номуудад тодорхой дурьдагдаагүй байна. Дуулал 118:22-29 "Булангийн тулгуур чулуу болсон” Энэ дуулалын үгсийг Есүс Христ Өөртөө ашиглсан байдаг. Тэрээр Өөрийгөө хүмүүст гологдож хаягдсан боловч эцэст Бурханы шинэ барилга болох сүмийн тулгуур чулуу нь болсон гэж хэлсэн. Энэ дуулалын талаар Есүсийн баригдаж үхэлд хүргэгдсэн газар болох Гетсемэн цэцэрлэг уруу явахаасаа өмнө Түүний дагалдагчидтайгаа хамт дуулсан сүүчлийн дуулал байж магадгүй гэж үздэг (Матай 26:30 "Тэд магтуу дуулсныхаа дараа, Чидун уул өөд явцгаав”). Тус дуулал нь Шинэ Гэрээнд Матай 21:42, 12:10, Үйлс 4:11 зэрэг ишлэлүүдэд хэрэглэгдэхдээ Есүс Христ бол цорын ганц авралын үндэс бөгөөд өөр юу ч хүнд Бурханы авралыг өгөхгүй гэдгийг тодруулсан байдаг.
Б.Баярхүү | |||
| |||
Views: 1306 | Comments: 2 | | |
Total comments: 0 | |