menu

Аль хэдийн ба Хараахан (Бурханы хаанчлал)

БУРХАНЫ ХААНЧЛАЛ

ТӨСГӨЛИЙН ОНОЛТОЙ ХОЛБОГДОХ НЬ

Оршил хэсэг:

Бурханы хаанчлалын тухай ойлголт нь төгсгөлийн үеийн онолтой маш ойр холбогддог. Үнэндээ сайн мэдээний гол дамжуулж буй мэдээ ба Есүсийн сургаалын гол цөм нь Бурханы хаанчлалын эргэн тойронд яригдсан байдаг. Библийн бичээс өөрөө энэхүү хаанчлал нь ирэх үед буюу ирээдүйд болох талаар хэлдэг. Түүнчлэн бичээс тэрхүү хаанчлал нь өнөө үед ч гэсэн хэрэгжиж эхэлсэн ба түүнийг бид амсаж эдэлж болно гэдгийг баталдаг. Тэгэхлээр Библийн бичээсүүд өөр хоорондоо зөрчилдөг гэж бид ойлгох уу? Үгүй, харин бид үүнийг Бурханы хаанчлал нь ирж байгаа бөгөөд түүний зарим элементүүд аль хэдийн бидний дунд байж хэрэгжиж эхэлсэн гэдгээр ойлгож болох юм. Библийн судлаачид ба эрдэмтэд Бурханы хаанчлалыг тодорхойлж хэлэхдээ “Бурханы хаанчлал бол одоо ба ирээдүй” гэсэн байдаг. Төгсгөлийн онолд энэ талаар “Бурханы хаанчлал нь Есүс Христээр эхэлсэн ба хожим бүрэн гүйцэлдэхээр хүлээгдэж байгаа” гэж тодорхойлдог. Харин Евангелчууд энэ талаар Бурханы хаанчлал нь аль хэдийн эхэлсэн эхэлсэн ба хараахан төгс болгогдоогүй буюу “Аль хэдийн ба хараахан” гэсэн тодорхойлолтой байдаг.

Бурханы хаанчлалыг үзэх үзэл:

Есүс Өөрийн амьдралын өдрүүдэд “Бурханы хаачлал ирчихээд байна”(Мат 12:28) гэж тунхагласан. Түүнчлэн тэрээр ирээдүйд болох Бурханы хаанчлалын үйл явдлын талаар ч айлджээ (Мат 8:11). Үүнээс харвал Бурханы хаанчлал нь одоо ба ирээдүй цаг дээр илэрхийлэгдэж, харин өнгөрсөн цагийг энд дурдсангүй. Өөрөөр хэлбэл Бурханы хаанчлал нь өнгөрсөн үеийн хаанчлал бус, үүрдийн хаанчлал юм. Библийн түүхэн нөхцлөөс Бурхан хэрхэн түүхэнд хэрхэн ажилласныг бид харж болно. Тэгэхлээр Бурханы хаанчлал нь түүхтэй ч гэсэн ойр байдаг. Алберт Cчвеицер тэргүүтэй зарим хүмүүс “Есүс Христ Бурханы хаанчлалыг байгуулахаар ирсэн боловч бүтэлгүйтэж, загалмай дээр цовдлогдож нас барсан нь түүний хувьд хөөрхийлөлтэй явдал байлаа, тийнхүү Бурханы хаанчлал эхэлж чадаагүй” гэж үздэг. Алберт Бурханы хаанчлалыг аль хэдийн эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөлгүй, харин Бурханы хаанчлалыг ирээдүйд болох хаанчлал гэдэгт л санал нэгддэг.

Эхэлсэн ба хожим гүйцэх Бурханы хаанчлал:

Зарим хүмүүс Библийн бичээсийг унших явцдаа Бурханы хаанчлалын талаар эргэлзээтэй болсон байдаг. Учир бичээсийн зарим ишлэлүүд Бурханы хаанчлал нь аль хэдийн ирсэн гэдэг бол бас зарим нь Бурханы хаанчлал удахгүй ирнэ гэж хэлдэг. Есүс Христийн шавь нар бүгд Бурханы хаанчлалыг Хуучин Гэрээний амлалт ба эш үзүүллэгүүдтэй холбсон ойлголттой байсан.

Бурхан бол Бүх дэлхий ертөнцийг Бурхан бүтээгч.

Эхлэл 1

Бурхан бол бүх хаанчлалуудын Бурхан.

Хаадын дэд 19:15, Дуулал 95:3-5

Бурханы хаанчлал үеийн үед оршдог.

Даниел 4:34

Бурхан бол бүх дэлхийн Хаан.

Дуулал 47:7

 

Бурхан хүнийг бүтээж, тэдэнд бүх дэлхийг захируулахаар өгсөн (Эхл 1:27-30). Гэтэл хүн гэм нүгэлд унан байр суурийнхаа зарим хэсгийг алдсан(Эхл 3). Хуучин Гэрээ Бурханы эрх мэдэл бүх дэлхий ба бүх бүтээлүүдийн дээгүүр байдаг гэж хэлдэг. Бурхан дэлхий ертөнцөд зориулсан Өөрийн төлөвлөгөөний нэг хэсэг болгож хүмүүсийг дуудаж, тэдэнтэй гэрээ байгууллаж, үндэстэн болгож, хааныг томилсон. Бурхан Давидын хаанчлалыг мөнхийн хаанчлал байх болно гэж амалсан (2Са 7:12-16). Энэ мэтчилэн Нэгэн Хүн авралын ажлыг гүйцэлдүүлэх болно гэдгийг бүр эртнээс зураглан үлдээсэн байдаг (Эхл 3:15, Тоо 24:17, Иса 11:1-5, Дуу 2). Тэр Нэгэнээр дамжуулан байгуулах шинэ гэрээгээр гэмт хүний зүрх сэтгэлийг цэвэрлэх, уучлах талаар хэлдэг (Иса 65:17, 66:22). Бүх шинэчлэлийн ажлууд Бурханы илгээх Мессаиатай (тослогдсон нэгэн) холбогддог (Иса 59:15-19).

Мөн түүнчлэн Хуучин Гэрээнд Бурхан эцсийн өдрийн шүүлтийг тодорхойлж хэлэхдээ “Эзэний өдөр” (Иса 13:6, Иое 2:31, Амо 5:18, Зеф 1:7) гэсэн байна. Мөн Бурхан Өөрийн уур хилэнг аливаа нэг үндэстэн (ж: Вавилон) дээр буулгах үедээ зөвхөн тэр үед тухайн үндэстнийг шүүгээд зогсохгүй, ирээдүйд ч бас энэ шүүлт байх болно гэсэн давхар биелэлтийг агуулсан хэсгүүд Хуучин Гэрээнд олон байдаг. Хуучин Гэрээний олон эш үзүүллэгүүд одоо ба ирээдүйн биелэлттэй байсан. Тэрхүү ирээдүйн тухай давхар биелэлтүүд нь Мессаиагийн хаанчлах өдрүүдтэй холбогддог.

Төгсгөлийн үеийн онлыг үг хэллэг

Хуучин Гэрээ

Эцсийн өдрүүд

Исаиа 2:2, Хос 3:5

Ирж буй өдрүүд

Иеремиа 31:31, Амос 9:13

Тэр цаг үе

Зефаниа 3:20

Тэр өдөр

Зехариа 14:9

 

Эдгээр бүх Хуучин Гэрээний ойлголтууд нь Есүс Христийн тунхагласан сайн мэдээ дэх хаанчлал (Грекээр Басилейва) гэх үгийг ойлгоход тусладаг. Гэвч Есүсийн шавь нар тухайн эш үзүүллэгийн үгсийг дэлхийн ертөнцийн хаанчлал хэмээн ойлгож байв. Гэвч эдгээр хаанчлалын тухай хэлсэн үгс нь дэлхий ертөнцийн эрх мэдэл, хууль засаглалтай огт холбогдоогүй, харин Бурханы Өөрийнх нь хаанчлал ба түүний эрх мэдэл хүслийн дагуух хаанчлал юм. Есүс нэг ч удаа Еврейчүүдийн хаанчлалыг сэргээх тухай яриагүй. Бурханы хаанчлал Өөрөөр нь дамжуулан илэрхийлэгдэж буйг Есүс хэлсээр байсан. Есүсийн золилтын ажлаар дамжуулан хүмүүс гэм нүглийн асуудлаа шийдвэрлэн шинэ тэнгэр ба шинэ газарт харьяатай (Бурханы хаанчлалд харьяатай)болж байгаа юм. Тийнхүү Бурханы хаанчлал тухайн үед эхэлсэн юм. Харин хувь хүний дотор бол тухайн хүн Есүс Христэд итгэсэн мөчөөс буюу хувьд нь Бурханы хаанчлал эхэлсэн юм. Ингээд Есүс Бурханы хаанчлалыг “ирэх ба ирчихээд байна” (Мат 3:2, 4:17, Мар 1:15) гэсэн юм.[1]Есүс өөрийн хүмүүсийг гэмшлээр дамжуулан сайн мэдээнд дуудаж байна. Сайн мэдээний бичээчид Давидын хаанчлал мөнх байх талаарх амлалтыг Мессаиа буюу Есүс Христтэй холбож тайлбарласанбайдаг.

Есүс Христийн айлдсан хаанчлал аль хэдийн ирснийг илэрхийлэх тэмдгүүд байсан. Есүс Христ дэлхийн өвчилсөн, завхарсан, бузартсан зүйлсийг сэргээж байсан юм. Тэрээр өвчтэй хүмүүсийг эдгээж, гайхамшиг хийж, чөтгөрүүдийг зайлуулж байсан нь ирэх хаанчлалд байх зүйлсийн тэмдэг, сүүдэр болгон харуулсан ба тэрхүү хаанчлал нь аль хэдийн эхэлсэн гэдгийг илтгэсэн юм. Бурханы Сүнсээр төрөхгүй бол Бурханы хаанчлалд орж чадахгүй байх талаар Иохан ном хэлдэг (Иох 3:5). Иохан номонд Бурханы хаанчлал гэх үг маш ховор, харин энэ үгийг төлөөлүүлж мөнхийн амьдрал гэсэн үгийг олноор ашигласан байдаг. Энэхүү мөнхийн амьдрал гэдэг үг нь өөрөө Бурханы хаанчлал хэмээх үгийн шинж чанарыг илэрхийлж байна. Синоптик сайн мэдээний номууд дээр Христ амиа олны төлөө золиос болгон өгснөөр Бурханы хаанчлал эхэлсэн тухай хэлдэг(Мар 9:43,47, 10:27,23,45). Үүнээс харвал Иохан ном ганцаараа Бурханы хаанчлалд орохын тулд Бурханы Сүнсээр төрөх тухай хэлсэн бол, харин синоптик сайн мэдээнүүдэд Христийн үхэл ба амилалтаар дамжуулан Бурханы хаанчлалд орох тухай хэлж байна. Гэхдээ Иохан Бурханы хаанчлалд орох тухай хэлэхдээ олон нийтийн талаас бус харин хувь хүний талаас ярьж, тухайн хүн Христэд итгэгч болоод тэр дороо мөнх амийг хүлээж авсан бол эцсийн өдөрт Христээр дамжуулан үхлээс амилуулагдах болно гэсэн утгатайгаар илэрхийлжээ. Энэ нь Иохан ном Бурханы хаанчлалын одоогийн ба ирээдүйн шинжийг аль алийг нь агуулсан байдлаар илэрхийлснийг харуулж байна. Элч Паул ч энэ талаар бид Христтэй хамт гэм нүгэл дотор үхсэн бөгөөд харин Христтэй хамт амилсан ба шинэ амьдрал эхэлсэн гэж хэлдэг (Гал 2:20).Гэвч Паул “Бид одоо хүртэл гэм нүгэл дунд амьдарч байна” (Ром 7:24) гэсэн. Гэм нүгэл дотор үхсэн ч одоо ч гэсэн гэм нүгэл бидэнтэй хамт байгаа нь яг л Бурханы хаанчлал эхэлсэн ба эцсийн өдөрт Христээр гэм нүгэл нэг мөр дуусгавар болно гэснийг тодруулж байна.

“Есүс Христэд итгэх ба гэм нүглээс чөлөөлөгдсөн амьдрал

         Эхэлсэн Хаанчлал

Already

“Эцсийн өдөрт Есүс Христээр дамжуулан  үхлээс амилуулагдах ба гэм нүгэлгүй амьдрал”

         Төгс болгогдох Хаанчлал

Not Yet

Төгс болгогдох хаанчлал нь эцсийн өдрүүдэд болно. Итгэгчид “Бид эцсийн өдрүүдэд амьдарч байна уу?” гэж их асуудаг. Энэ асуултад Шинэ Гэрээний бичээчид “Тийм” гэж хариулцгаадаг. Хуучин Гэрээнд “Христийн ирэх өдрийг эцсийн өдрүүд байх болно” гэж хэлсэн ба Шинэ Гэрээнд “Бид аль хэдийн эцсийн өдөрт амьдарч байна. Тэр өдөр ойрхон байна” гэж хэлдэг.

Төгсгөлийн үеийн онлыг үг хэллэг

Шинэ Гэрээ

Эцсийн өдрүүдэд

Үйлс 2:17

Эдгээр эцсийн цагт

Еврей 1:2

Эдгээр эцсийн өдрүүдэд

1 Петр 1:20

Эцсийн цагт

1 Иохан 2:18

 

Б.Баярхүү


[1]Матайн сайн мэдээнд “Тэнгэрийн хаанчлал” гэж хэлсэн. Еврейчүүд тэнгэрийн талаар ойлгохдоо Бурханы талаар ойлгодог байсан тул Тэнгэрийн хаанчлалыг Бурханы хаанчлалтай дүйцүүлж ойлгож болно. 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-05-06)
Views: 1170 | Tags: Бурханы хаанчлал | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: