Ойролцоогоор 3400 жилийн өмнө Бурхан хүн төрөлхтөнд өөрийн хуулийг арван жагсаалтад оруулан өгсөн байдаг. "Энэхүү жагсаалтыг Израилийн түүхийн бүр эхэн үед гаргасан байж таарна гэсэн таамаглалтай ихэнх эрдэмтэд санал нэгддэг ба зарим хүмүүс үүнийг Мосегийн үеэс ч улбаатай гэж үздэг.”[1] Энэ нь зүгээр хуулиуд биш харин Бурхан хүнтэй болон хүмүүс хоорондын харилцааны талаар Бурханаас Өөрөөс нь өгөгдсөн гайхалтай зарчмууд юм. Бурхан төгс хуулийг өгсөн боловч гэмт чанарынхаа улмаас нэг ч хүн тэрхүү хуулийг бүрэн төгс биелүүлэх боломжгүй байсан юм. Энэ нь хууль хүмүүсийн мөхөс дорой байдлыг илтгэхээс гадна үүнийг шийдвэрлэх төгс нэгэн хэрэгтэйг хүн төрөлхтөнд сануулахад нөлөөлсөн. Үүгээр дамжуулан Бурхан Өөрийн авралыг бидэнд харуулсан нь хожим авралыг гүйцэлдүүлэх цорын ганц гэм зэмгүй төгс төгөлдөр Есүс Христ байсан юм. Христ хуулийг бүхэлд нь биелүүлж, мөн үхлийг ялан дийлсэн. Гэхдээ Есүс хуулийг хэрэгсэхгүй болгохоор бус харин гүйцэлдүүлэхээр ирсэн юм (Мат. 5:17,18). Ингээд Есүс нэгэнт хуулийг гүйцэд биелүүлсэн тул Өөрөө хуулийн төгсгөл болсон юм (Ром 10:4,5). Маркус Максвел хэлэхдээ "Бурхан Өөрийн ард түмнийг аврахын өмнө биш, харин дараа нь хуулийг өгсөн. Израиль аврагдахын тулд хуулийг мөрдөөгүй. Христитгэгчид диваажинд очихын тулд сайн хүн байхыг хичээдэг юм биш. Бурхан тэднийг аврах ажлаа хэдийн хийсэн.” гэжээ. Тиймээ бид хуулийн дор дарамтлуулан хуулийг сахидаг юм биш, харин эрх чөлөөний хуулийг сахидаг. Есүс Христийн дотор мөнх найдвар уруу харахдаа ч мөн Түүний тушаалд дуулгавартай ханддаг. Бурханы бидэнд өгсөн хууль нь зүгээр нэг дагаж мөрдүүлэхийн тулд бус харин бидэнд амьдрах арга замыг зааж өгдөг. Арван хууль арван хуруунд тоологдох төдий цөөн хэдхэн ч түүний хамрах цар хүрээ нь бидний амьдралд өв тэгш зарчмуудыг бий болгодог нь гайхалтай юм. Эдгээр хуулиуд нь тухайн үед байсан шигээ зуун хувь хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж би бодож байна. Гэхдээ зарим нэг заалтын хувьд Есүсийн дахин хэлсний дагуу анхны утгаасаа өөр утгаар хэлэгдэж болно. Арван хуулийн товч агуулга: Хууль 1 ба 2: Энэ бол үндсэн хууль бөгөөд үүнээс үндэслэн бусад бүх хууль тушаалууд нь үндэслэн гардаг. 2-р хууль нь 1-р хуультай шууд холбоотой байдаг. Энэ нь ноцтой гэм нүгэл болох итгэлгүй байдал, бурхангүй үзэл, хуурамч шүтээнд мөргөх мөн Бурханыг бодитоор оршин байгааг үгүйсгэх явдлыг хориглодог. Хууль 3: Энэ хууль нь Бурханаас эмээх ба хүндэтгэл үзүүлэхийг заадаг. Яагаад гэвэл Түүний нэр ариун учраас юм. Энэ хууль нь биднээс Бурханы нэр ба өргөмжлөлд ариун нандин, хүндэтгэлтэйгээр хандахыг шаарддаг. Түүний нэрд хамаатай бүхнийг дэмий хоосон, бодлогогүйгээр хэрэглэхийг хориглодог. Хууль 4: Бурханы заасны дагуу тогтоосон цаг өдрийг сахихыг тушаадаг. "Түүнчлэн ариун нандин бүхнийг харааж зүхэхийг хориглодог байсан бөгөөд Бурханы тогтоосон амралтын өдрийг ариунаар сахин ёстой байжээ.”[2] Энэ өдрийг бусад өдрөөс чухалчлан сануулахын тулд "үүнийг санагтун” хэмээн айлдсан нь бусад өгөгдсөн хуулиудаас ялгаатай болохыг харуулдаг. Хууль 5: Энэ хууль нь Бурханы тогтоож өгсөн эрх мэдэлд хүлцэнгүй байж захирагдахыг биднээс шаарддаг. Бид зөвхөн эцэг эх төдийгүй ахимаг настай, эрх мэдэлтэй, бусад бүхий л хүмүүст хүндэтгэл хүлээлгэдэг байхыг заадаг. Хууль 6: Бурханы амьсгалаар бидэнд өгөгдсөн амийг бид үргэлж хайрлаж хамгаалдаг байх нь эрүүл сайн амьдрал юм. Хүн бүү ал гэдэгт зөвхөн бусдын аминд хүрэхийг хэлээгүй болохыг бид мэддэг. Өөрийн амийг хорлох нь энэ хуулийг зөрчсөнд тооцогддог. Хууль 7: Энэ хууль гэрлэлтийг ариунаар сахиж, цэвэр ариун байдлаа хадгалахыг тушаадаг. Завхайрлын аюул нь хүнд зориулсан Бурханы нандин төлөвлөгөө болох эр эмийн нэгдмэл байдлыг сүйтгэдэг. Хууль 8: Бусдын өмчийг зөвшөөрөлгүйгээр өөртөө өмчилж авах, хөршөө үл хайрлах нь энэ хуулийг зөрчсөнд тооцогддог. Энэ хууль нь хүн хувийн өмчтэй байх эрхийг хамгаалдаг. Хууль 9: Худал бол үнэний дайсан. Бүх төрлийн худал хуурмаг нь ялгаагүй гэм нүгэл юм. Худал хуурмагаас ангид байж, хүмүүсийн хоорондын харилцаанд үнэнч шударга байдлыг тогтоон сахихыг шаарддаг. Хууль 10: Ямар ч аргаар хамаагүй баяжихыг хүсэх, бусдын эд хөрөнгөд шунах, түүнд атаархах, хөршөө үл хайрлах зэрэг зохисгүй хүсэл эрмэлзлийг буруушаадаг. Энэ хууль нь байгаа байдалдаа бүрэн сэтгэл хангалуун байхыг хөхүүлэн дэмждэг. [1] Ж.Д.Дуглас, Меррилл С.Тенни. Библийн Хураангуй Толь Бичиг, х782 | |
| |
Views: 1622 | Comments: 1 | |
Total comments: 1 | |
| |