Never give up. ( Хэзээ ч бүү бууж өг.) Халлелүяа. Бүх алдар нь Эзэнд байх болтугай. Та бүхэндээ Эзэний миний амьдралд хийж өгсөн нэгэн ивээл бас ерөөлтэй зүйлийг хуваалцах болсондоо баяртай байна. Намайг Баяржаргал гэдэг. 22 настай Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи хэлний багшийн 3-1 ангийн оюутан. Миний та бүхэнтэй гэрчлэх зүйл бол дугуйн сайн мэдээний Монголоороо 46 хоног 13 аймгийн нутгаар нийт 4028 км аялсан аялал юм. Ертөнцийн Эзэн энэхүү аяллыг хийгээрэй гэдгийг Өөрийн үгээрээ бас олон нөхцөл байдлуудаар дамжуулж тодорхой хэлсэн юм. Дуулал 32:8,Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө.Аялал эхлэхийн өмнө Эзэн энэ үгийг надад хэлсэн ба мөн өнгөрсөн 5 сард FCS(Христчин Оюутны Хөдөлгөөн)–ээ төлөөлөн Зүүн Азийн Оюутны Конференцэд оролцсон нь сайн мэдээ аяллаараа тараах галыг өгсөн. Анх өөрийн төрсөн нутаг болох Сайншандаас гарч Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий г.м 13 аймгуудын нутгаар аялахад өлсөх, цангах, ядрах, хонох байргүй бас дугуй минь саатах үеүд нэлээд гарч байсан ч бүх замаа дуусгасандаа баяртай байна. Нэгэн маш их бороотой өдөр давхиж байтал надаас холгүй аянга буух тэр мөчид Эзэнд хандан залбиран Халлелүяа гэж чангаах хашгирсны дараа маш их амар тайван болоод зоригийг мэдэрч тайвширсан. Өдөр бүр гарахынхаа өмнө Дуулал 91- г өөртөө чангаар уншиж их зориг орж байсан ба та ч гэсэн Библиэсээ харахад илүүдэхгүй байх. Олон янзын хүмүүстэй уулзаж тэдэнтэй аяллын тухайгаа ярих зуураа Эзэнийг тунхаглаж мөн сайн мэдээг товчхон ярилцан хамтдаа залбирах боломжийг Эзэн өчүүхэн надаар дамжуулж хийсэнд талархаад баршгүй. Гол зорилго маань Баян- Өлгийд очиж залбирах байсан ба тэнд үйлчилдэг миссионер Герман ах эгч хэд хэдэн казак ахан дүүсийн хамт уулан дээр залбирч сэтгэл хангалуун УБ-ын зүг хүлгийн жолоо залсан юм. Та бүхэндээ уриалан хэлэхэд хамгийн түрүүнд Эзэнээс бат зуур, Түүнийг тархиндаа биш зүрх сэтгэлдээ гүнзгий хайрла хүндэл. Дараа нь өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй бэлэг авьяастай бол түүнийгээ хөгжүүлэн Эзэний төлөө гэсэн чин сэтгэлээр үйлдвэл та нүд үзээгүй, чих сонсоогүй зүйлсийг үзэх болно гэж хэлмээр байна. Хэдий бүтэлгүй үе ирсэн ч бүү бууж өгөөрэй. Гоё юм хийж хүнээс илүү гарах нь эсвэл олны дунд нэр хүндтэй байх нь чухал бишээ. Харин та Эзэний дотор ямар ч үед сэтгэл хангалуун амьдарч чадаж байвал та Ертөнцийн Эзэний хүслийг биелүүлж байгаа хэрэг. Элч Паулын Үргэлж баяртай бай гэсэн нь ч Түүний нэг нууцыг агуулж байгаа гэж би боддог. За ахан дүүс нар минь шинэ хичээлийн жил, шинэ зүйлс эхэлж байгаа учир өөрөө өөрсдийгөө ч Түүний дотор шинэчлэн дуудагдсан газар бүртээ Эзэнийг хүндэлж мөргөн амьдарцгаая. Ертөнцийн Эзэн та бүгдийн гэр бүл үр хүүхэд амьдрал хичээл сурлагыг тань үнэхээр ерөөх болтугай. Эзэн алдаршиг...
Үүрийн Шүүдэр цуглааны итгэгч: Баяржаргал
Баяржаргалын Mongolnews.mn -ны "залуус" булангийн зочиноор оролцсон ярилцлагыг унших бол энд дар