menu

Сүнсэн дотроо ядуу хүн гэж хэнийг хэлэх вэ?

 

 

Энэ нь дэлхийлэг зүйлээс өөрийгөө хоосолж, Есүс Христээр өөрийгөө дүүргэх явдал юм. Өөрөөр хэлбэл сүнс буюу сэтгэл зүрх дотроо бардам баян бус харин даруу бөгөөд хоосон байх ёстой. Дэлхий дээр эд баялагтай байж болно. Гэхдээ зүрх сэтгэл эд баялаг дээрээ бус Христ дээр байх хэрэгтэй. Харин зүрх сэтгэл нь эд баялаг дээрээ байвал тэр хүн сүнсээрээ ядуу хүн биш. Зарим хүмүүс эд баялаггүй хэрнээ сүнсээрээ баян байдаг. Тэд өөрсдийн гэх эд баялаггүй ядуу боловч үргэлж эд баялгийн хойноос хөөцөлдөж, үүнийг олж авахын төлөө амьдардаг. Тэр хүн бол сүнсэн дотроо ядуу хүн биш. Сүнсэн дотроо ядуу хүн гэдэг нь сүнс, зүрх сэтгэлээ аливаа дэлхийн зүйлсээс хоосолж, Есүс Христээр дүүргэх явдал юм.

Иов сүнсэн дотроо ядуу хүн байсан (Иов 1:1-3). Тэр дорно зүгтээ хэнээс ч илүү баян, өр өврөөрөө нэг мал сүрэгтэй, маш олон зарц нартай дэлхийн эд баялаг асар их байсан ч Иов сүнсэн дотроо ядуу байж, өдөр бүр Бурханыг эрэлхийлж, сүнс зүрх сэтгэлээ зөвхөн Бурханаар дүүргэдэг нэгэн байсан.

Лаодик чуулган гадна байдлаараа ч баян, сүнсэн дотроо ч баян байсан (Илчлэлт 3:17). Лаодик хот бол маш их алттай хот байсан. Жил бүр Ромын эзэмшил хот бүр өөрсдийн баялгаасаа Ромын эзэн хаанд татвар өгдөг байсан. Тэр үед хуучин Грекийн хотууд байсан хотуудаас Ромын эзэн хаанд хамгийн ихээр алт жинлэж өгдөг байсан хот бол Лаодик байсан. Лаодикчууд баян хүмүүс байсан. Тэдэнд эд хөрөнгө мөнгө гэдэг бол ердийн зүйл байсан. Тэгвэл тэд сүнсэн дотроо ядуу байсан уу? Үгүй тэд сүнсэн дотроо баян хүмүүс байсан. Тэд өөрсдийн эд хөрөнгөөрөө бахархаж, түүндээ найдаж амьдардаг байсан. Тэд Есүс Христэд биш, харин эд баялгийнхаа хүчинд найдаж байсан учраас тэд сүнсэн дотроо ядуу бус харин баян хүмүүс юм.

Матай 5-р бүлэгт Есүс өөрийн ерөөлийнхөө хамгийн эхэнд энэхүү сүнсний ядуу, даруу байдлыг тавьсан байдаг. Философичид бол ёс суртахуун, зан төлвийн дарааллын хамгийн эхэнд хэзээ ч даруу байдлыг тавихгүй байх байсан. Учир нь дэлхий дээр бол даруу байдал тийм ч дээгүүр үнэлэгддэггүй. Харин Есүс сүнсний даруу байдлыг хамгийн түрүүнд тавьсан байна. Өөрөөр хэлбэл тэр үүнийг хамгийн чухалд тооцсон. Аливаа хүн өндөрт гарахын тулд хамгийн багаас нь эхлэх ёстой. Учир нь хамгийн доод шат нь бат бөх биш бол тэр хэзээ ч хамгийн дээд шатанд хүрч чадахгүй. Есүс хамгийн түрүүнд "чи сүнс, зүрх сэтгэл дотроо бүү бардам бай, харин даруу бай” гэж хэлж байна. Учир нь Бурхан бол ариун, харин хүн гэм нүглээр дүүрэн. Тиймээс хүн бол Бурханаас салангад тохиолдолд юу ч биш болно. Бурханы тусламж түүнд хэрэгтэй. Тэр өөрийн хүчээр юу ч хийж чадахгүй. Бид үүнийг ухаарч ойлгон сүнс, зүрх сэтгэл дотроо даруу буюу ядуу байх хэрэгтэй.

 

Category: Урамын үгс | Added by: Uuriinshuuder (2014-01-17)
Views: 1052 | Tags: Сүнсэн дотроо ядуу хүн | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: