menu

Бид Бурханы гар дахь шавартай адил

Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ Библиэсээ Зехариа 7-р бүлгийг нээж, Бурханы үгийг уншъя.

Зехариа 7:1-14

1Дариус хааны дөрөв дэх жилд Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ.

2Бетелийнхэн ЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Редеммелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.

3Тэд түмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан

 -Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд 4түмэн цэргийн ЭЗЭНий үг надад ирж

5-Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. "Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү? 6Идэж, уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү? 7Иерусалим оршин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?" гэв.

8Тэгээд ЭЗЭНий үг Зехариад ирж

9-Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдсан. "Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.

10Бэлэвсэн болон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө".

11Гэвч тэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохгүйгээр чихээ таглав.

12Тэд өөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түмэн цэргийн ЭЗЭНээс агуу уур хилэн ирсэн.

13Түүнийг дуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

14Харин Би тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстний дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.

 

Израильчуудыг нутагт нь буцаах талаар Персийн хаан Корешийн зарлиг гарснаар тал бүрт дайжиж дөрөвсөн байсан Израиль ард түмэн өөрсдийн нутагт буцан ирэх боломжтой болсон юм (Езр. 1:1-4). Гэхдээ Израиль нутаг, Иерусалим хот эзгүй хоосон хана хэрэм ч байхгүй хэвээр байв. 70 жилийн турш орхисон газар нь эзгүйрэн хоосорч юу юу ч байхгүй болсон ба ийм хотод очиж суурьших нь тийм ч дурлахаар зүйл байгаагүй.  Энэ үед мэдээж ард түмэн өөр өөрсдийн гэрийг барихаар завгүй ажиллаж, харин Эзэний өргөөг барих хэрэг явдал удааширсан байна (Хаг. 1:9). Зехариа номын хамгийн чухал зорилго бол тэдгээр үлдэгсдийг сүмийг босгох ажлаа дахин сэргээж, баригдаж дуусах хүртэл тууштайгаар ажиллахад нь урамшуулан зоригжуулахын тулд байдаг. Гэм нүгэлдээ шийтгэл авсан Изриальчууд дахин Эзэн уруу эргэснээр сэргэлт ирэх талаар голчллон өгүүлснээрээ Зехариа ном итгэл найдварын сэргэлтийг бүх үеийн уншигчдад өгдөг юм. Сүм дахин босгогдох нь Израилийн итгэл найдвар бүхэлдээ сэргэж, эцэг өвгөдийнхөө алдааг давталгүй, Эзэнтэй илүү ойр амьдрах, Эзэний жинхэнэ хүсэл юу болохыг мэдэх, аливаа уламжлалт зан үйлээс илүү Бурханы төлөөх гэсэн хүсэлтэй болох зэрэг бүх л төрлийн сэргэлт бий болох үндэс язгуур болохыг Зехариа уншигчдад ойлгуулахыг зорьж байсан.

МЭӨ 538 онд хамгийн түрүүний хүмүүс Зеруббабелийн удирдлага дор цөллөгөөс буцаж ирцгээсэн ба тэд ирсэн даруйдаа хуучин Соломоны сүмийн суурин дээр шинэ сүмийг (Зеруббабелийн сүм) барих ажлыг эхлүүлсэн байна. Гэвч аливаа эсэргүүцэл, дайсагнал, мөн өөр бусад саад бэрхшээлээс болоод энэхүү сүмийг сэргээн босгох ажил зогсонги байдалд ороод байв. Ийнхүү МЭӨ 520 онд буюу 18 жилийн дараа Эзэн Зехариа бас Хаггай эш үзүүлэгчидээр дамжуулан зогсонги байдалд ороод байсан сүмийг барих ажилыг дахин хийлгэж дуусгахыг Зеруббабел, Иошуа болон ард түмэн хэлэв. Эдгээр эш үзүүлэгийн үгсийн хүлээж авсан Израилийн удирдагч Зеруббабел, тэргүүн тахилч Иошуа, Иудагийн ахмадууд болон бүх ард түмэн урам зоригтой болж маш идэвхтэйгээр нэгдэцгээсэн байдаг. Тийнхүү номын хүлээн авагчид дөрвөн жилийн дотор Эзэний сүмийг барьж гүйцсэн байдаг (Езр. 6:15) ба Зехариа номын 7-р бүлэг бол тэрхүү сүм баригдах үеийн яг дунд үе буюу сүм баригдаж эхлээд хоёр жил өнгөрөөд байсан үе юм (7:1).

Езр. 6:15 /Энэ сүм нь Адар сарын гуравны өдөр баригдаж гүйцжээ. Энэ нь Дариус хааны хаанчлалын зургадугаар жил байв./

7:1 /Дариус хааны дөрөв дэх жилд Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ./

 

Энэ үед Бетелийнхэн олон жилийн турш өөрсдийн сахиж ирсэн уламжлалт зан үйл болох мацаг барилтынхаа талаар Бурханы хүслийг асуулгахаар Иерусалимд дахь Бурханы өргөө уруу төлөөлөл болох хүмүүсээ илгээсэн. Харин Бурхан тэдний асуултыг асуултаар хариулдаг (7:5-6). Бетелчүүд өөрсдийн дундаас төлөөлөгчид болох Шарезер Редеммелех нарыг хүмүүсийх нь хамт Иерусалим уруу илгээсэн байна. Тэд бол Бениаминчууд байсан ба Езра 2:28-д хэлснээр Зеруббабелын хамт цөллөгөөс нийт 223 хүн ирж Бетелд суурьшсан байна.

Езр. 2:1, 28 /Вавилоны хаан Небухаднезарын Вавилон уруу авч одсон цөлөгдөгсдийн олзноос Иерусалим, Иуда уруу, өөр өөрийн хот уруу буцсан, мужийн хүмүүс нь эдгээр болно. Бетел ба Аин эрчүүд хоёр зуун хорин гурав./

 Тэдний асуусан 5-р сарын мацаг барилтын гол цөм ер нь бол сүм шатаагдан устгагдсан явдлыг дурссан гушууддаг мацаг барилт байсан юм (2Ха 25:8-9).

2Ха 25:8-9 /Тавдугаар сарын долоонд буюу Вавилоны хаан болох Небухаднезар хааны арван ес дэх жилд Вавилоны хааны зарц, бие хамгаалагч нарын ахмад Небузарадан Иерусалимд иржээ. Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав./

Гэтэл одоо бүх зүйл урьдийн адил хөгжин цэцэглэж, сүм бүрэн гүйцэд сүндэрлэн босох дөхсөн үед (7:1, Езр. 6:15) хүмүүст хуучин сүмийн устгалын талаар ингэж мацаг барин гашуудсаар байх эсэх талаар асуулт төрсөн. Тэд энэ олон жилийн турш тасралтгүй барьж ирсэн 5-р сарын мацаг барилтаа шууд зогсоохыг хүсээгүй. Учир нь тэд энэ мацаг барилтыг Вавилонд дахь 70 жил, буцаж ирээд 18 жил сахисан байна. Харин энэ тал дээр Бурханы тааллыг мэдэхээр шийджээ. Энд зөвхөн Бетелийнхэн гэж нэрлэсэн боловч тэднээр бүх ард түмнийг төлөөлүүлсэн ба бүх ард түмэн адилхан бодолтой байсан гэдгийг Бурханы хариулт зөвхөн Бетелчүүдэд бус, харин бүх ард түмэнд хандсан байгаагаас харагддаг (7:5).

7:5 /Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл./

3-р ишлэлд Бетелчүүд “Би энэ олон жил үйлдсэн шигээ” гэж хэлсэн. Энэ нь яг Исаиа 58:3-д “Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ” гэж хэлсэнтэй адилхан байдаг. Харин Бурхан тэдний асуултыг асуултаар хариулж байна (7:5-6). Тэдний мацаг барилт нь үнэндээ Бурханы төлөө байсан гэж үү? Үнэхээр Бурханы хүслийн дагуу мацаг барих гэж байгаа бол бүх амьдрал нь хүртэл зөвт, Бурханы төлөө байх учиртай. Бурханы хууль тушаалыг сахихгүй, зүрх сэтгэл нь Бурахны төлөө бус хэрнээ Бурханы тааллыг эрэхээр мацаг барина гэдэг нь үнэндээ Бурханыг доромжилж, мацаг барилтыг хөнгөн үзэж байгаагийн илэрхийлэл юм. Тийнхүү эцэстээ мацаг барилтыг өөрсдийн гэм нүглээ нуун далдлах хэрэгсэлээ болгодог. Гаднаа гэм зэмгүй мэт харагдаж, харин дотроо бузар булайгаар дүүрэн байдаг. Шашинлаг үйлдлийг хийснээрээ дотоод зүрх сэтгэл нь мөн тийм гэдгийг баталж харуулж чадахгүй. Яг л Ахаб Иезебел нарын хуурамч мацаг барилттай адил эргэж бузар мууг үйлддэг, Фарисайчуудын хуурамч мацаг барилттай адил бусдад харуулахын тулд нүүрээ үрчийлгэдэг. Идэхдээ ч өөрсдийн төлөө идэж, уухдаа ч өөрсдийн төлөө уудаг тэгвэл бодож санахдаа ч өөрсдийн төлөө бодож санадаг ба ерөөсөө л өөрсдийн төлөө амьдардаг байж таарна. Тэгвэл өөрдсийн төлөө амьдардаг юм бол яагаад Бурханы төлөө мэт ярина вэ? Идэж уухдаа өөрсдийн төлөө идэж уудаг юм бол яагаад үүгээрээ Бурханы өмнө мацаг барина вэ? Хэрэв чи идэж уухдаа ч Бурханы төлөө идэж уудаг бол чи үүгээрээ Бурханы өмнө мацаг барих нь зохистой бус уу? (1Ко. 10:31). Мацаг барилт гэдэг нь гэм нүглээ далдлах хэрэгсэл бус харин гэм нүглээ ил гаргаж, улайн гэмших үйл явц байх учиртай. Энэ нь зөвхөн шашны зан үйл хийхдээ бус харин өөрсдийгөө даруу болгож, өөрсдийгөө Бурханд зориулах явдал юм.

 

7:6 /Идэж, уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?/

1Ко. 10:31 /Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий./

Яг үнэндээ тэд өөрсдийн эцэгүүдээс (Вавилоны цөллөгөөс өмнөх үеийн хүмүүс) ялгарах зүйл байхгүй байгааг Бурхан хэлэхийг хүссэн. Хэлсээр хэлсээр байхад Бурханы үгийг үл сонсон, чихээ таглан, зүрхээ хатууруулан өөрсдийн ашиг сонирхолын төлөө амьдарч байсан тэдний эцгүүдийн гэм буруугийн улмаас Иерусалим нь сүйтгэгдэж, эзгүйрч, Бурханы өргөө шатгаадсан. Иеремиа, Амос зэрэг эш үзүүлэгчдээр дамуулан тэдний эцгүүдэд 40 жилийн турш үүнийг л эш үзүүлж байсан боловч тэд сонохоос татгалзсан учраас сүйрлийн үед ч Эзэн тэдний хаширахыг сонсоогүй болохыг хэлсэн. Өнөөдрийн сүмийн сэргэлттэй өөрсдийн мацаг барилтыг холбон асууж байгаа ард түмэнд, харин Бурхан өнгөрсөн үед эцгүүдийнх нь үйлдсэн итгэлгүй үйлсийг сануулж байна. Ямар учраас сүм шатаагдахад хүрсэн юм бэ?. Бурханы төлөө биш, харин өөрсдийн ашиг сонирхолын төлөө амьдарсан тэдний эцгүүдийн гэм нүглийн уламаас юм. Бурхан тэднийг салхи шуурганы хамт үндэстний дунд тараан хаясан ба газар нутаг нь өнөөдрийн харагдаж байгаатай адилхан болсныг сануулсан (7:8-14).

Мацаг барилт гэдэг нь ямар байх учиртайг 8-9 ишлэлд тодорхой хэлсэн. Мацаг барилт нь өөрсдийн төлөө биш, бусдын төлөө яг үнэндээ Бурханы төлөө байх учиртайг тэдний эцгүүдэд ч гэсэн Исаиа эш үзүүлэгчээр дамжуулан сануулж байсан. Тэдний эцгүүд мацаг барихдаа Бурханы төлөө биш, харин өөрсдийн хүслийг хангаж байсан юм (Иса. 58:3). Тэд яагаад өлссөн нэгнийг хоолохыг, нүцгэн нэгнийг хувцаслахыг хүсээгүй юм бэ? Тэд яагаад зөвхөн өөрсдийн эрх ашигийг хайж, өөрсдийн л хүслийг хангаж байсан юм бэ? Яагаад гэвэл тэдэнд Бурханы төлөө гэсэн зүрх сэтгэл огтхон ч байгаагүй юм.

7:8-9 /Тэгээд ЭЗЭНий үг Зехариад ирж -Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдсан. "Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун./

Иса. 58:3 /Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг./

Харин тэд сонсохоос татгалзаж зүрхээ цахиур мэт хатуу болгосон ба Бурханы үгийг үл тоосон байна (7:11-12). Энэ ч тэдэнд Бурханы төлөө гэсэн хүсэл байгаагүйг батлан харуулж байна. Тэд Бурханыг дуудах үед сонсоогүй шиг Бурхан тэднийг дуудах үед нь сонсохгүй гэж амалсан байна. Хэрэв тэд Бурханыг сонссон бол тэдний мацаг барилтаар дамжуулан хашхирах дуу хоолойг ч гэсэн Бурахн сонсох байсан (Иса. 58:9). Тийнхүү гамшиг сүйрэл ирэх үед тэд Бурханыг дуудан зовлон дотроос хашхирсан ч Бурхан тэднийг сонсоогүй ба тэд Вавилоны цөллөгт авж өнөөдрийн шиг ийм байдалд хүрсэн байна.

Иса. 58:9 /Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, чамайг хашхирахад Тэр "Би энд байна" гэж айлдана./

Зехариа номын 7-р бүлэг дэх энэхүү хэсэг бол Бурхан Өөрийг нь сонсож, Өөрийнх нь төлөө амьдардаг хүнийг сонсдог ба таалдаг тухай гол санааг илэрхийлж байна. Хуучин Гэрээний олон түүхэнд энэ талаар батлан харуулсан байдаг. Хезекиа хаан Бурханы өмнө тааламжтай амьдарсан. Тэр Бурханы төлөө, ард түмний төлөө амьдарч, Бурханы үгийг сонсдог байсан учраас Хезекиа үхлийн ирмэгт байх үедээ (хүнд өвчтэй үедээ) Бурханаас тусламж гуйхад нь Бурханы түүнийг сонссон буюу таалсан (2Ха. 20:1-6). Харин цөллөгөөс өмнөх үеийн Израильчууд Бурханы үгийг сонсохоос татгалзаж, өөрдсийн сайн сайхны төлөө л амьдарч байсан учраас сүйрлийн үед ч, 70 жилийн мацаг барьсан гашуудлын үед ч Бурхан тэднийг сонсоогүй юм.

2Ха. 20:5-6 /-Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно. 6Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална" гэв" гэж хэл хэмээн айлдлаа./

Мөн Израилийн анхны хаан Саулыг хэдий Бурхан Өөрөө хаанаар томилсон ч тэрээр хаан байх хугацаандаа Бурханы тушаалыг (үг) сонсоогүй, Бурханы тааллыг эрээгүй, харин өөрийн хүсэл тааллын дагуу хаанчилсан (1Са. 13:13-14). Тийм учраас Бурхан түүний оронд Өөрийнх нь хүсэл тааллыг эрдэг, үгийг сонсдог хүн ба Бурханы төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн болох Давидыг хаан болгсон юм.

1Са. 13:13-14 /Самуел Саулд -Та мунхаг хэрэг үйлдэв. Та Бурхан ЭЗЭНийхээ танд тушаасан тушаалыг сахисангүй. Тэгээгүй байсан бол одоо ЭЗЭН Израильд таны хаанчлалыг мөнхөд тогтоох байсан. Гэвч одоо таны хаанчлал тогтохгүй. ЭЗЭН Өөртөө Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүнийг олж, тэр хүнийг Өөрийн ард түмний удирдагчаар томилсон. Учир нь ЭЗЭН танд тушаасныг та биелүүлсэнгүй гэв./

 

Эдгээр жишээнүүдээс харсан ч Бурханы хамгийн их таалдаг хүн, таалдаг амьдрал бол Бурханы төлөө гэсэн зүрх сэтгэл бас үйлдэл байдаг. Алив бүх зүйл Бурханаас эхтэй. Жишээбэл эрх мэдэл, эд баялаг, гэр бүл, амь амьдрал. Тиймээс бид өөрсдийнхөө л төлөө, өөрсдийнхөө л ашиг сонирхолын төлөө амьдрах нь хамгийн аюултай. Ийм хүнийг Бурхан өөрйин хамгаалалтанд авдаггүй. Өөрөөр хэлбэр ийм хүний амьдрал сүйрэлд ойрхон байдаг. Бурхан Өөрийн хүмүүсээс ямар ч үед Бурханыг сонсож, Бурханы төлөө амьдарч, дуулгавартай байхыг хүсдэг. Энэ нь ч бидний хувьд тусламж хэрэгтэй үед, гай зовлонтой үед гэтэлгэх хамгаалалт болдог юм. Учир нь бид Бурханы төлөө амьдрах нь эцэстээ бидний сайн сайхны төлөө байдаг юм. Изриалчуудын гэм нүгэлтэй адил Бурханы үгийг сонсохоос татгалзах нь хамгийн аюултай сүйрлийг дагуулдаг. Хэдий бидний амьдралд сайн сайхан зүйл олон байсан ч Бурхангүйгээр, Бурханы үггүйгээр, Бурханы тусламжгүйгээр амьдрах нь хамгийн их гай зовлонтой амьдрал юм. Амос эш үзүүлэгч энэ талаар маш тодорхой хэлсэн байдаг.

Амо. 8:11-12 /Харагтун, Би газар дээр өлсгөлөнг илгээх өдрүүд ирж байна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Талхаар өлсөх, усаар цангах бус, харин ЭЗЭНий үгийг сонсохын төлөө өлсгөлөн байх юм. Ард түмэн далайгаас далай уруу, умардаас бүр дорно зүг хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй./

Бурханы үгээр өлсөх нь ямар ч аймшигтай өлсгөлөн ба гай гамшгаас илүү аймшигтай гай гамшиг юм. Тиймээс бидний өдөр бүрийн амьдрал үргэлж Бурханы үгэнд дуулгавартай ба Бурханы төлөөх амьдрал байх учиртай. Энэ нь эсэргээрээ бидний төлөө гэсэн Бурханы сэтгэлийг харуулдаг.

Өнөө үеийг мэдээллийн эрин үе гэж хүмүүс нэрлэдэг. Энэ нийгэмд хэн их мэдээлэлтэй нь илүү дээр амжилтад хүртэг. Хүмүүс Бурханы тусламжид найдахаас илүү өөрсдийн чадвар, туршлагад тулгуурлаж амьдрах болсон. Итгэгчид бид заримдаа мөн ялгаагүй өөрсдийн амьдарлын сайн сайхны төлөө Бурханыг ашиглахыг хүсдгийг нуугаад яахав. Бидэнд Бурханы төлөө амьдаръя, Бурханы төлөө золиос гаргъя гэсэн сэтгэл дутагддаг. Бид Бурханыг өөрсдийн хүслийг биелүүлж өгдөг автомат машинтай зүйрлэдэг. Тэгээд бас хуучин шүтэж бишэрч байсан хиймэл шүтээнтэйгээ адилхан гэж эндүүрэх үе байдаг. Учир нь хиймэл шүтээнийг хүмүүс өөрсдийнхөө төлөө, өөрсдийн сайн сайхны төлөөх зарлагаа (зарц боол) болгож бүтээсэн байдаг (хэдий тэгж боддоггүй ч тэгж ханддаг). Тэд түүнийгээ Бурхан гэж нэрлэдэг боловч яг үнэндээ зарц боол мэт ашиглахыг оролддог. Бидний Бурхан бол хиймэл шүтээн биш, Тэр бол Бүтээгч, Хаан, амьд оршигч Эзэн Бурхан юм. Тиймээс хүмүүс түүнийг ашиглах бус, харин Бурхан хүмүүсийг ашигладаг ба хүмүүс Бурханы төлөө амьдрах нь тэдний сайн сайхан болдог.  

Хүмүүс бидний хүсэл бол сайн сайхан амьдрал билээ. Итгэгч бид ч ялгаагүй тэгж хүсдэг. Тухайн үеийн Израильчууд ч мөн үүнийг л хүсэж байсан. Тиймээс хүмүүс бид энэхүү сайн сайхныг олж авахын тулд өөр өөрсдийн төлөө үхэн хатан тэмцдэг. Гэвч өөрийнхөө төлөө ингэж тэмцсэнээрээ хүмүүс сайн сайхныг олж авч чаддаггүй. Учир тэд амьдралын бүх сайн сайхан нь зөвхөн Бурханд байдаг гэдгийг мэддэггүй. Христэд итгэгч болсон хүмүүс ч энэ үнэнийг бүрэн гүйцэд ухаарч ойлгоогүй байдаг. Харин бид Бурханы төлөө амьдарсанаараа сайныг олж авдаг. Ингэхдээ зүгээр гадна байдлаараа Бурханы төлөө амьдарч байгаагаа харуулах (жишээлбэл мацаг барих, цуглааны үйлчлэл хийх, үүрийн залбиралд суух) явдлаас илүү дотоод зүрх сэтгэл нь Бурханы төлөө амьдрах хүсэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ албадлагаар бус сайн дурын ба чин сэтгэлийн хүсэл байх учитай. Учир нь Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлийг харж байдаг.

Есүс Эзэн ч нэг ч удаа өөрийн төлөө үйлдэж байсангүй, Тэр үргэлж Бурханы эцэгийнхээ үгийг сонсож, Түүний төлөө амьдарч байсан юм. Тэр энэ дэлхийд ирэхдээ үргэлж төөрсөн сүнснүүдийн төлөө ажиллаж, тэднийг өөрийн амиар зольж авсан юм. Тэр нэг ч хором өөрийн ашиг сонирхол, Өөрийн төлөө амьдарч байсангүй. Харин тэр хором мөч бүр Бурхан эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө амьдарч байсан нь хожим түүнийг тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг авч (Мат. 28:18), Бурханы баруун гарт талд залрах алдрыг түүнд соёрхсон юм (1Пе 3:22). Бид Есүс Эзэнийхээ жишээг дагаж, Бурханы алдрын төлөө, Бурханы төлөө амьдрах хэрэгтэй. Энэ биднийг энэ дэлхийгээс алдрыг хайхад биш ирээдүйд Бурханы өгөх гандашгүй алдрыг хайхад чиглүүлдэг.

1Пе 3:22 /Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ./

Эцэг эх болсон хүний хувьд хамгийн их санаа тавьж анхаардаг зүйл бол үр хүүхдийнхээ ирээдүйг сайн сайхан байгаасай, алив гай зовлон бузар муу нь хол байгаасай гэж хүсэх явдал байдаг. Гэвч эцэг эхчүүд зүгээр л хүсэхээс, бодохоос хэтэрч  чаддаггүй. Учир тэд чинь зүгээр л нэг хүмүүс юм. Тэд үр хүүхэддээ их л удаж үхэх өдрөө хүртэл анхаарал халамж тавьж чадах ба өөрөөс нь хойш түүний амьдралд юу тохиолдохыг тааж мэдэхгүй, хааж хориглож чадахгүй юм. Тиймээс хэрэв эцэг эхчүүд үр хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсэж байгаа юм бол түүнийг Бурханы төлөө амьдардаг хүн болгож өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй. Учир нь үүнээс өөр төгс хамгаалалт, сайн сайхан гэж байхгүй юм. Бурхан бол эцэг эхчүүдээс ч илүү урт удаан амьдарч (мөнхөд), тэднээс ч илүү үр хүүхдэд нь сайн анхаарал тавьж чадна. Хэрэв би гэр бүлдээ хайртай, үр хүүхэддээ хайртай бол хамгийн түрүүнд миний хийх зүйл бол би өөрөө Бурханы төлөө амьдрах, миний гэр бүл Бурханы төлөө амьдрах явдал юм. Ингэхдээ зөвхөн гадаад шашинлаг амьдарлаар биш харин дотоод зүрх сэтгэлээрээ ийм хүсэлтэй байх хэрэгтэй. Энэ талаар би хүүхэдтэй болж эцэг хүн болсоноосоо хойш ойлгож ухаарсан юм. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд та Бурханы төлөө амьдрах нь таны гэр бүлийн бат цайз болох юм шүү.

Бурхан төлөө амьдарна гэдэг нь өөрийгөө гаргуунд нь гаргаж, робот мэт өөрийн гэсэн санаа бодолгүй амьдрах талаар огт хэлээгүй. Харин хамгийн түрүүнд таны зүрх сэтгэл Бурханы төлөө гэсэн чин хүсэлтэй байх учиртай. Тиймээс гадна байдлын зан үйлээс илүү жишээлбэл аливаа үйлчлэлийг сайн хийх гэсэн хичээл зүгтгэлээс илүү Бурханы төлөө гэсэн зүрх сэтэглийг дотроо агуулж байх учиртай. Бурханы төлөө гэсэн зүрх сэтгэлтэй болчихвол угаасаа танаас гарах үйлдэл, үйлчлэл бүр Бурханы төлөө байх ба та Бурханы төлөө үйлдэж, ажиллаж, идэж ууж, амьдарч эхэлнэ.

Хувьчилан шийдвэр гаргахдаа ганцаараа битгий шийд. Бурханаас асууж, Бурханы хүсэл таалалд нийцүүлэн гаргах хэрэгтэй. Хэдий таны амьдарлын чухал үед хариуцлагатай шийдвэр гаргах гэж байлаа ч хамгийн түрүүнд Бурхантай зөвлөж, Түүний хүслээр шийдээрэй. Энэ нь та Бурханы төлөө амьдарч байгаагийн илрэл бөгөөд Бурханыг сонсож дуулгавартай хандсанаараа та өөрийн ирээдүйг баталгаажуулж байгаа юм.

Итгэгч таны өөрийн төлөө амьдарч, өөрийн төлөө үйлдэх амьдрал нь ямар ч хана хэрэмгүй хот мэт амьдрал бөгөөд сүйрэлд хялбар өртөх амьдрал юм. Харин итгэгч хүний бат цайз бол Бурханыг сонсон дуулгаварлаж, Түүний үгийн дагуу Бурханы төлөө амьдрах явдал юм. Энэ нь уламжлалт зан үйл, үйлчлэлийг сахиснаар болдоггүй ба зүрх сэтгэлээ шинэчлэн өөрчилснөөр хэрэгжиж, түүнээсээ цааш үйлс дээр биелэдэг. Өдөр бүр Бурханы төлөө амьдарцгаая.

Хамтдаа үгийн төлөө залбирцгаая!

 

Б.Баярхүү

Category: Номлол | Added by: Uuriinshuuder (2014-05-30)
Views: 2312 | Rating: 5.0/1
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: