menu

Христийг мэдэхгүй муйхраар дагах биш харин мэдэж итгэлээр дагах хэрэгтэй

 

 

 

Багц: 1 Петр 1:13-25                                                                                                                             

Огноо: 2012.04.27

Олон янзын үзэл номлол холилдож үнэн сургаал бүдэг бадаг болсон өнөөдрийн энэ нийгэмд христитгэгчид ч итгэлийнхээ үндсэн ойлголтуудыг таньж мэдэлгүйгээр алхаж байх нь олон тохиолддог. Тэд яг юунд найдаж, юунд итгэж байгаагаа ч мэддэггүй учраас тэдний итгэл сульдаж замхрахдаа хялбар байдаг. Анхны чуулганы үед худал сургаал номлол чуулганд шургалан орж ирэн олныг итгэлээс нь хөндийрүүлж, төөрч будилуулж эцэстээ христитгэгчид юунд итгэж үнэмшихээ ч мэдэхгүй болсон байв. Петрийн захидал нэг талаараа тэдгээр үнэн худлыг ялгааг христитгэгчдэд харуулахын тулд бичигдсэн юм. Петр энэхүү хэсгээр дамжуулан биднийг итгэлийнхээ анхдагч ойлголтууд руу эргэж харан, тэдгээрийг батжуулахад тус болохыг хүсжээ.

Библийн энэ хэсэг маань "Тиймээс” гэх үгээр эхэлж байгаа нь тухайн хэсэг нь өмнөх хэсгийнхээ дүгнэлт хэсэг болохыг нь илтгэж байна. Петр энэхүү хэсгийг хэлэхийн өмнө сэтгэлийн авралын тухай ярьсан. Энэхүү авралын гол цөм бол Есүс Христ бөгөөд Түүний тухай эш үзүүлэг Ариун Сүнсээр дамжуулан бидэнд сайн мэдээг тунхагласан хүмүүст илэрхийлэгдсэн. Үүнийг тэнгэр элч нар ч харахыг хүсдэг буюу маш үнэ цэнэтэй аврал нь бидэнд ирсэн юм. Ингээд 13-р ишлэлээс эхлэн Тэрхүү Есүс Христэд найдвараа бүрэн тавих тухай хэлж байна. 13-16 ишлэл нь бидний зан байдал ямар байх тухай харуулан хэлэхдээ бидний амьдралын гурван цаг үеийг хамруулан хэлсэн байна. 13-р ишлэлд бидний ирээдүйн тухай буюу Есүс Христ илчлэгдэх өдөрт найдвараа тавихыг сануулсан бол, 14-р ишлэлд өнгөрсөн үеийн тухай буюу биднийг мэдэхгүй байхад бидэнд байсан урьдын хүсэл тачаалдаа нийцүүлэхгүй байхыг ч мөн сануулжээ. Харин одоо бол биднийг дуудсан ариун Нэгэний адил ариун байхыг 15 ишлэлд сануулж, 16-р ишлэлд бичээсээр нотолсон байна. Петр энэ хэсгийг Левит 19-р бүлгээс иш татсан байна. Тухайн хэсэгт ЭЗЭН Мосегоор дамжуулан Израилийн ард түмэнд хэлсэн "ариун бай” гэсэн тушаал нь дан ганц хувийн ариун байдлын тухай байсангүй. Энэ нь тэд амралтын өдрийг хэрхэн ариунаар сахих, ЭЗЭНд тахилыг өргөхдөө хэрхэн ариунаар үйлдэх, газрынхаа ургацыг хураахдаа хэрхэн зөвт байх зэрэг ард түмний бүх л амьдралтай холбогдуулан өгсөн тушаал юм. Бурхан Өөрөө ариун учир Түүний бүх зүйл ариун. Харин анхнаасаа ариун байгаагүй зүйлийг Бурхан Өөрийн ариун байдлаараа ариунд тооцуулдаг. Энэ нь бидний амьдралын үнэт зүйлст тооцогддог байсан алт мөнгө мэтийн зүйлсээр бус зөвхөн Есүс Христийн толбогүй ариун цусны золилтоор л бий болдог юм. Энэ талаар 17 ишлэлээс эхэлсэн дараах багц хэсэгт тодорхой гарч байна. Петр ариун байдлын тухай хэлэхдээ энэ цоо шинэ ойлголтыг гаргаж ирээгүй. Тэрээр энэ талаарх хуучин гэрээний ойлголтыг яг тэр байдлаар нь давтан илэрхийлсэн бөгөөд бичээсээр нь батлан харуулж байна. Израильчуудын хувьд энэ бичээсийг унших, сонсох бүртээ тухайн үеийнхэнд Мосегийн тушааж байсан үгс, үүнтэй холбогдох бүх зүйлсийг санах байсан нь мэдээж. Харин өнөөдрийн итгэгчид бид тахил ч өргөдөггүй, ургац ч хураадаггүй. Тэгвэл юу гэсэн үг вэ? энэ нь бидэнд хамаагүй юу? хэзээ ч үгүй. Энэхүү тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд биднийг амьдралынхаа бүхий л зүйлд ариун байхыг заадаг. Жишээлбэл бид ажил хийдээ ч, амарч зугаалахдаа ч тэр ариун байх хэрэгтэй.

17-25 ишлэлд тусдаа өөр сэдвийн тухай ярьсангүй. Бидний ариун байх учир болон бидний ариун байдлын үндсийг тайлбарлан заасан хэсэг юм. Үүнийг мэдэх нь бидэнд маш чухал юм. Учир нь бид энэхүү тушаалыг мэдэх ч, ямар үндэслэлтэйг нь ойлгохгүй бол хэрхэн үнэнчээр даган биелүүлэх билээ. Петр ч үүнийг маш нарийн, бас тодорхой харуулсан байна. Петр "Ялгаварлалгүйгээр үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол” хэмээн тодотгож хэлсэн нь учиртай. Боол нь эзнээ харж хүлээдэг. Тэр ямарч үед эзнээсээ эмээн захирагддаг. Хэрэв бид Түүнийг Эцэгээ хэмээн үзэж, дууддаг юм бол эмээн хүндлэх нь гарцаагүй. Яг л боол эцсээ хүртэл эзэндээ итгэмжит байгаад шагналаа хүртдэгийн адил 13, 17 ишлэлүүдэд бид энэ дэлхий дээр байх хугацаандаа Эзэнээс эмээсэн, Христэд найдсан байхыг хэлж байна. Ингэхдээ бид энэ амьдралын алт мөнгө мэтийн устах зүйлсээр золигдсон бус харин үнэт цусаар золигдсон, устах үрээс бус харин үл устах үрээс төрсөн тухайгаа мэдэх шаардлагатай. Үүнийг мэдэж, үүнд суурилалгүйгээр бид хэрхэн ариун амьдарч чадах вэ? Өнөөдөр жинхэнэ суурин дээрээ байхгүй байгаа итгэгчид олон байна. Бидний итгэлийн жинхэнэ суурь гэж юу вэ? Энэ нь Христийн амилалт юм. Энэ талаар 20, 21-р ишлэлд хэлжээ. Бид саяхан амилалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн. Үнэндээ Христ амилуулагдаагүй бол бидний итгэл найдвар хоосон хэмээн Паул 1 Коринт 15 бүлэгт хэлсэн байдаг. Христ амилуулагдсан учир бид ч гэсэн ирээдүйд амилуулагдана гэсэн баталгаатайгаар Түүнд найдаж амьдардаг. Бидний найдвар энэ дэлхийн аливаа устах зүйлсээс бус харин Бурханы хүч чадлаар үл устах үнэ цэнэд оршдог юм. Тиймээс л бид өөрсдийн ариун байдлаа сахиж амьдрах нь энэхүү мөнхийн найдвараас болдог юм. Энэ бүхний ойлгож ухаарсны дараа бид Петрийн хэлсэн ятгалгыг амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болно. Эдгээр нь 13-р ишлэлээс эхлээд оюун санаагаа үйлдэлд бэлтгэх, эрүүл ухаантай байх, Бурханаас эмээн биеэ авч явах болон сэтгэлээ ариусган чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах зэрэг 22-р ишлэл хүртэлх хэрэгжүүлэлтүүд юм. 19-р ишлэл дэх золилт, 23 ишлэл дэх дахин төрөлт гэсэн хоёр теологийн үг хэллэг энд гарч байна. Энэ хэсэгт Петр Хуучин Гэрээний хоёр өөр хэсгээс иш татсан байна. Бид алт мөнгө мэтийн устах зүйлсээр бус харин үнэт цус буюу Христийн толбогүй ариун цусаар золигдон ариун болсон. Тиймээс "Би ариун учир та нар ариун бай” хэмээх Левит 19:2-ийг иш татсан. Бид устах үрээс бус харин үл устах үр буюу Христийг үхлээс амилуулснаар дамжуулан дахин төрсөн юм. Тиймээс "Бүх махан бие болбоос өвс мэт” хэмээх Дуулал 37:2-ийг иш татсан. Христэд итгэгч бид ариун байдал болон дахин төрөлтийн тухайн эдгээр үндсэн итгэлээ ойлгож түүнийхээ дагуу хэрэгжүүлж амьдрах нь хамгийн чухал юм. Бид Христийг мэдэхгүй муйхраар дагах биш харин мэдэж итгэлээр дагах хэрэгтэй. 

 

Б.Баярхүү

Category: Номлол | Added by: Uuriinshuuder (2014-02-19)
Views: 1357 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: