.

This HTML caption with a link.
Home » Articles » Нийтлэл

Христитгэгчид Халловенийг тэмдэглэх нь зохистой юу?

Христитгэгчид Халловений баярыг тэмдэглэх нь зохистой юу?

Христитгэгчид Халловен (Halloween) баярыг тэмдэглэх нь зохистой юу? гэсэн энэ асуулт чуулганы итгэгчдийн дунд их маргаантай байдаг сэдэв билээ. Зарим христитгэгчид ер бусын хувцаслаад цагийг хөгжилтэй өнгөрөөхөд болохгүй юм байхгүй гэж Халловен баярыг тэмдэглэж байхад харин зарим нь бузар сүнснүүдэд үйлчлэх, харанхуйн хэрэг явдалд оролцох нь буруу гэж Халловен баяраас татгалздаг. Тэгвэл аль нь зөв юм бэ? Христитгэгчид итгэлдээ ямар нэгэн сэв суулгахгүйгээр Халловен баярыг тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой юу? Үүнд хариулахын тулд эхлээд Халловен баярын түүхэн үндэс, цаад утга агуулгыг нь олж харах хэрэгтэй.  

Халловен нь эртний Кельтийн баяраас (Celtic Festival) үүсэлтэй юм. Энэ баярыг Кельт соёлд ургац хураалтын улирлын сүүлээр тэмдэглэдэг байсан бөгөөд яг энэ үе нь  эртний паганчуудын (Pagan) өвөлд бэлтгэж, нөөцөө хураадаг үе юм.[1] Тэд 10-р сарын 31-нд энэхүү Самаин (Samhain) баярыг тэмдэглэдэг ба энэ өдрийг үхэл, амьдралын зааг хэмээн итгэдэг байсан.[2] Баяраар галын наадам хийх, тахил өргөх зэрэг ёслолууд үйлдэж байжээ. Тэр өдрийн шөнө сүнснүүд цуг­лан, дэлхийгээр хэрэн хэсүү­чил­дэг хэмээн тэд үздэг. Ингэхдээ сүнс­нүүд хоол гуйн явдаг бөгөөд айлууд ч тэдэнд зориулан гаднаа хоол гарган тавьдаг уламжлалтай. Мөн хүмүүс олон сүнсэнд танигдахгүйн тулд өөрийгөө өнгө­лөн далдалсан элдэв янзын баг, хувцас өмсдөг ажээ.

Өнөө үед энэ баяр нь Ромын католик чуулганы догмад (dogma) суурьласан Халловен (Halloween) нэртэй болж дэлхийн олон улсад тэмдэглэгдэж байна.[3] Халловен хэмээх үг нь Ромын католик чуулганы All Hallows Day (All Saints’ Day) буюу Ариун гэгээнтнүүдийн өдөртэй холбоотой үүссэн нэршил юм. Ариун гэгээнтнүүдийн өдрийг жилд нэг удаа 11-р сарын 1 тэмдэглэдэг.[4] Харин Самаин баярыг (Samhain) үүний өмнөх өдөр буюу 10-р сарын 31 тэмдэглэдэг байсан учир энэ нь сүүлд All Hallows’ Eve (Ариун гэгээнтнүүдийг өдрийн урд өдөр) буюу Halloween болж өөрчлөгдсөн юм. Ариун гэгээнтнүүдийг өдрийг МЭ 609 онд анх Ромын католик чуулган танилцуулж, улмаар тухайн өдрийг 5-р сарын 13 тэмдэглэж байв. Гэвч МЭ 835 онд IV Грегори пап лам энэ өдрийг 11-р сарын 1 өдрөөр халж, Ариун гэгээнтнүүдийн өдөр (All Hallows’ Day) ба Самаин өдрийг (Samhain’s Day) нэгэн адил хэмээн тунхагласан юм. Үүнийг Кельтчүүдийн нөлөө гэх үү эсвэл Герман санаа гэх үү? Ямартай ч Ромын Католикчуудын дураараа загнадаг үйлдлээс болж энэ үеэс хойш баруун Европ даяар Халловен хэмээх Кельт гаралтай баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэх болжээ.[5]

Тэгвэл Библид Халловений талаар юу гэдэг вэ? Библид Халловений талаар хаана ч хэзээ ч хэн ч юу ч өгүүлдэггүй. Гэхдээ иймэрхүү зүйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаарх зарчмыг зааж өгсөн байдаг. Хуучин Гэрээнд илбэ шид, хар хүч, элдэв сүнстэй холбогдсон хүнд үхэх ял оноодог байсан (Гэтлэл 22:18, Леви 19:31, 20:6,27).[6]

Гэтлэл 22:18. Удганыг бүү амьд байлга

Леви 19:31. Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

Леви 20:6. Бөө болон сүнс дуудагчид уруу эргэснээр тэдэнтэй садарласан хүний хувьд, Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно. 

Леви 20:27. Бөө болон сүнс дуудагч эрэгтэй, эмэгтэй хүн нь гарцаагүй алуулах ёстой. Тэднийг чулуугаар чулууд. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна” гэв.

Харин Шинэ Гэрээнд энэ талаар Симоны түүхээр сургамж өгдөг (Үйлс 8:9-24).  Христэд итгэх итгэл ба далдын хүчинд итгэх итгэл хоёрыг хольж хутгахгүй байхыг тушаадаг ба далдын хүч, илбэнд итгэгчид нь худал хуурмагийн хүлээсэнд байдаг гэжээ (Үйлс 8:23). Мөн Елумын түүх ч үүнийг баталдаг (Үйлс 13:6-11). Ийм үйл хэрэгт оролцогч нь зөвт байдлын дайсан болдог ба Эзэний шулуун замыг гажуудуулагч Диаволын хүү болдог хэмээн хатуу хэлжээ (Үйлс 13:10). Үйлс 16-р бүлэгт мэргэ төлөгчийн сүнстэй нэгэн эмэгтэйг Паул зэмлэн мөнөөх сүнсийг нь хөөж байгаа тухай гардаг (Үйлс 16:16-18). Түүнчлэн 19-р бүлэгт шившлэг хийж, сүнс дууддаг байсан хүмүүс хэрхэн Эзэний үгийн улмаас бузар сүнснээс чөлөөлөгдөж байгаа тухай гайхалтай түүхийг бидэнд сануулдаг (Лук 19:19).

За тэгвэл христитгэгчид Халловений баярыг тэмдэглэх нь зохистой юу? Христитгэгч охид хөвгүүд үлгэрийн баатар ба гүнжийн хувцас өмсөөд айлын хаалга тогшиж чихэр боов авахад ямар нэгэн зохисгүй үйлдэл байна уу? Энд зохисгүй үйлдэл байна гэж хэлж чадахгүй, бид ч гэсэн цагаан сараар тэгдэг шүү дээ. Бид энд гаднах үйлдлийг нь биш харин дотоод агуулгыг нь бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Халловениий баяраар дамжуулан хүмүүст номлогддог анти-христ ухагдахуунаас зайлсхийх хэрэгтэй. Бид хүүхдүүдээ Халловены баяртай холбоотой аливаа үдэшлэг, өдөрлөгт оролцохыг  зөвшөөрч болох ч тэднийг Халловений алив төрлийн аспект, үзэл суртлаас хамгаалах хэрэгтэй. Бид зөвхөн Христийн сайн мэдээ дотор бат зогсох учиртай (Филиппой 1:27). Өнөөдөр олон чуулган Халловений баярыг энгийн нэг ургацын баяр, холимог үзэлтнүүдийн цугларалт эсвэл бүр чихэр боовоор дамжуулан сайн мэдээ тараах боломж гэж хардаг. Гэтэл бидэнд бусдад сайн мэдээ хүргэх алив аргачлал байхгүйдээ Халловенийг баярыг ашиглах юм гэж үү? Сайн мэдээ бол цэвэр сайн мэдээ байх учиртай. Халловен бол хэзээ ч Христийг гэрчлэх хэрэгсэл болж чадахгүй. Халловен үргэлж Христийн эсрэг үзэл суртлыг номлодог. Халловен бол яг л зан үйлтэйгээ адилхан үнэн төрхөө далдалсан баг өмсөж хүний сүнсийг хулгайлагч юм. Бүгд л Халловенийг орчин үеийн шинжтэй, хөгжилтэй, залуу сэтгэлгээтэй, бас өвөрмөц онцлог бүхий баяр гэж хардаг. Сүүлийн жилүүдэд Монголчууд Халловенсог болчихжээ. Харин христитгэгчид л бүү туйлшраасай. Аливаа зүйлийг тэмдэглэж, баярлаж болно харин цаад утга санаа агуулга зэргийг судалж байх, энэ нь миний итгэлд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг харзнаж байгаад оролцох нь өөрийн сүнсийг хамгаалж буй хэрэг. Эцэст нь хамгийн түрүүнд тавьсан асуултад тодорхой хариулт өгье. Халловен баяр бол эртний паганчууд буюу хиймэл шүтээн шүтэгчдээс үүсэлтэй баяр бөгөөд Ромын католик чуулганы Библийн дагуу бус тунхагаар халхлагдсан хүний сүнсийг төөрөлдүүлэх, итгэлээс нь ухраах, бие махбодийн хүлээсэнд байлгах, Бурханы шударга замаас гажуудуулах аюул бүхий харанхуйн сүнсний ажил юм. Тиймээс христитгэгчид Халловенийг тэмдэглэх ба оролцох нь зохисгүй алхам юм.

Ефес 5:7-12. Иймд тэдний хамсаатан байж болохгүй. Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв. Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц. Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.    

 

Б.Баярхүү

 

Ашигласан материалууд:

Ариун Библи (АББН)

Мошеим 1-р боть

http://searching-page.blogspot.com

http://mubs.mn/

www. wikipedia.org

 

[1] Гельтчүүдийг өөрөөр Паганчууд гэж нэрлэдэг. Паганчууд гэж 1-р зууны үеийн шүтээн шүтэгчдийг хэлдэг байв. Энэ нь Тэд маш олон төрлийн шүтээнтэй ба элдэв материал, дүрс зургаар шүтээнээ бүтээдэг байв. Үүнээс үүдэн цор ганц Бурхан болох Есүс Христийг үгүйсгэсэн паганизм (paganism) хэмээх олон бурхад бүхий үзэл газар авч байлаа.

[2] Самаин гэдэг нь зуны төгсгөл ба харанхуй улирал буюу өвлийн улирлын эхлэл гэсэн утгатай үг.

[3] Догма гэдэг итгэл үнэмшил, онол сургаалыг хэлнэ.

[4] Ромын католик чуулганы гаргаж ирсэн онолоор бол Ариун хүмүүст хандаж тэдний сайн үйлсийг хуваалцахын төлөө залбирч болох ба тэдний үлдээсэн зүйлсийг шүтэн мөргөж болно.   

[5] Энд “дураараа загнах” хэмээх үгээр Ромын католик чуулганы өнөөг хүртэл уламжлалт үзлээ Библиэс дээгүүр тавьж улмаар Библийн үгтэй зөрчилддөг онол сургаалыг гаргаж ирдэг зохисгүй байдлыг илэрхийллээ.   

[6] Ариун Библийн номуудын нэрийг Библийн хянан засварласан хувилбарын нэршлээр оруулсан болно. Гэтлэл гэдэг нь Египетээс гарсан нь, Леви гэдэд нь Левит ном юм. 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-10-16)
Views: 602 | Rating: 5.0/1
Total comments: 0
avatar