.

This HTML caption with a link.
Home » Articles » Нийтлэл

Христмас баяр нарны шүтлэгтэй огт хамааралгүй.

 

ХРИСТИЙН МЭНДЭЛСНИЙ БАЯР НАРНЫ ШҮТЛЭГТЭЙ ОГТ ХАМААРАЛГҮЙ

“Христийн мэндэлсэн баяр нь эртний шүтээн шүтэгчдийн баяраас нөлөө авсан. Христийн мэндэлсний баярыг IV зууны дунд үеэс тэмдэглэж эхэлсэн ба тухайн үед Ромчууд эртнээс өвлийн баярыг тэмдэглэдэг байсан нь энэ хоёр баяр хоорондоо холилдох нөхцөл нь болсон. Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх үедээ бид Ромын нарны бурхан Метрасын төрсөн өдрийг ч бас тэмдэглэдэг. Шүтээн шүтэгчид христитгэгчдийн хамт мэндэлсний баярын хамтран эзэмшигчид болцгоосон.” Гэсэн нэг ийм үзэл яваад байх юм.

Няцаалт:

Хоёр өөр төрлийн баяр ёслол өөр хоорондоо нөлөөлсөн байж болдог. Гэхдээ тухайн хоёр баярын чухам аль нь анхдагч байж, аль нь илүү хүчтэй, өргөн цар хүрээтэй байснаас авч өгч байгаа нөлөө нь их бага байдаг. Христийн мэндэлсний баяр нь цаг үе, газар нутгийн хувьд хиймэл шүтээн шүтэгчдийн баяр ёслолуудтай (Pagan festivities) зэрэгцэн байсан нь түүхэн үнэн юм. Тухайн үед Ромчууд арванхоёрдугаар сарын сүүлээр өвлийн баярыг (Saturnalia) тэмдэглэдэг байсан ба харин зэрлэгүүд гэх Варварчууд ба умард Европчууд үүнтэй төстэй баяр болох нарны шүтлэгийн баярыг (Sol Invictus) тэмдэглэдэг байсан. Тэгэхлээр бид өвлийн баяр (Saturnalia) ба нарын шүтлэгийн баярыг (Sol Invictus) хооронд нь ялгаж харах хэрэгтэй. II зууны төгсгөл хүртэл Ромд зөвхөн өвлийн баяр болох Saturnalia-г тэмдэглэдэг байсан. Харин нарны уламжлалт шүтлэгийн баяр буюу Solstice Traditions (Sol Invictus) нь II зууны эхэн үед Ромд хараахан орж ирээгүй байсан (харин умард Европт байсан) юм. Улмаар Ромын император буюу эзэн хаан Аврелиан МЭ 274 онд умард Европоос гаралтай баяр болох Sol Invictus-ийн төрсөн өдөр (the birth of Unconquered Sun) хэмээх баярыг Ромд шинчлэн тогтоосон юм.[1]

I зууны төгсгөл хүртэл христитгэгчдийн дунд Христийн үхэл ба амилалтын талаар л онцлон тэмдэглэж байсан боловч II зууны эхээр апокрифа (Apocrypha) зохиолууд болох Томасын сайн мэдээ (Infancy Gospel of Thomas) ба Иаковын сайн мэдээ (Proto-Gospel of James) зэрэгт Есүс Христийн хүүхэд нас ба төрөлтийн талаар илүү дэлгэрэнгүй бичиж эхэлсэн байна.[2] МЭ 200 оны үед Египетэд байсан христитгэгч нэгэн багш Есүс Христийн мэндэлсэн өдрийн тухай тайлбар бичиг гаргасан байдаг. Түүний гаргасан энэхүү тайлбар бичгийн дагуу Александрын Клемент Христийн мэндэлсэн өдрийг хэд хэдэн янзаар санал дэвшүүлсэн байна.[3] Тэгэхлээр нарны шүтлэгт баяр (Sol Invictus) орж ирэхээс өмнө Ромд Христийн мэндэлсний баяр (Christmas) хөгжиж, энэ талаарх мэдээ тархаж байсан нь мэндэлсний баярыг нарны шүтлэгийн баяраас (Sol Invictus) гаралтай гэж хэлэх үндэслэл байхгүй гэдгийг харуулж байна.

Харин Ромд байсан Персээс гаралтай Метрас (Mithras) нарны шүтлэг нь Аврелианы МЭ 274 оны шинэчлэлээр умард Европын нарны шүтлэг Sol Invictus-д адилтгагдан ууссан гэж хэлж болох бөгөөд IV зууны төгсгөл гэхэд Метрас нь Ромоос бүр мөсөн алга болсон юм. Угаас хүч суларч байсан хуучны Метрас нь цаг минутаар хүчтэй өсөж байсан Христитгэлд нөлөө үзүүлэх байтугай өөрөө нөлөөнд автан улам бүр дарагдаж байсан нь түүхээс харагдаж байна.    

Өвлийн баяр буюу Saturnalia нь Ромд эртнээс байсан баяр юм. Энэ нь Грек, бүр цаашлаад Вавилонаас гаралтай баяр юм. Ромд энэхүү баярыг Юлийн хуанлийн (Julian Calendar) дагуу 12 сарын 17-23ны хооронд тэмдэглэдэг байсан.[4] Харин христитгэгчид Христийн мэндэлсэн баярыг 12 сарын 25нд тэмдэглэдэг байсан. Тэгэхлээр энэхүү хоёр баярыг огтхон ч нэг өдөр нэгтгэж тэмдэглэж байгаагүй. Saturnalia-г 12 сарын 17-с эхэлж долоо хоногийн турш тэмдэглэдэг уламжлалтай байсан. Saturnalia 12 сарын 23-н гэхэд бүр мөсөн баярын үйл ажиллагаа дуусгадаг байсан. Харин Христийн мэндэлсэн баярыг 25нд буюу Saturnalia-г аль хэдийн баярын үйл ажиллагаагаа хаасны дараа тэмдэглэж байсан. Тиймээс энэ хоёр баярыг хооронд нь нэгтгэж үзэх аргагүй юм. МЭ 336 онд буюу Ромын анхны христитгэлтт эзэн хаан Константины (Roman Emperor Constantine) үед Христийн мэндэлсэн баярыг албан ёсоор 12 сарын 25-н гэж тогтоосон. Энэ үед албан ёсны тунхаг гарсан ч үүнээс эрт үед христитгэгчдийн дунд Христийн төрсөн өдрийг 12 сарын 25-н хэмээн үзэж байсан байна. Христитгэлт түүхч Юлиус Африканус  (Sextus Julius Africanus МЭ 160-240 он) үүнээс 100 гаруй жилийн өмнө Христийн мэндэлсэн өдрийг 12 сарын 25-н хэмээн тодорхойлж байжээ. Учир нь цаг тооллын судлаачид хаврын өдөр шөнө тэнцэх өдрийг (spring equinox) дэлхий анх бүтээгдсэн өдөр гэж үздэг бөгөөд үүнээс даруй 4 өдрийн дараа, 3 сарын 25нд гэрэл бүтээгдсэн (Эхл. 1:14-19). Есүс Христийг шинэ үе, шинэ бүтээлийн эхлэл болсон гэдгээр нь Түүний эхийн хэвлийд бүрэлдсэн өдрийг уг 3 сарын 25 гэж тооцож, үүнээс даруй 9 сарын дараа буюу 12 сарын 25нд төрсөн гэж үзсэн байна. Тэгэхээр 12 сарын 25 гэдэг өдөр нь Saturnalia-аас нөлөө авч тогтоосон өдөр биш бөгөөд Христийн мэндэлсэн баярыг Saturnalia баяраас өөр өдөр, өөр байршилд, өөр арга замаар тэмдэглэж байсан учир хоёр баярын хооронд холилдож хутгалдах явдал байгаагүй гэж үзэж болно. Өнгөрсөн зуу зуу жилийн турш Христийн мэндэлсэн өдрийг нэг ч удаа шүтээн шүтэгчдийн (pagan) утга учир илэрхийлэн тэмдэглэж байсангүй. Христийн мэндэлсэн баярын уламжлалыг шүтээн шүтэгчдээс гаралтай гэсэн үзэл нь өөрөө ор баталгаагүй хоосон гүтгэлэг юм.   

Б.Баярхүү

 

[1]  Аврелиан нь 270-275 онд Ромын эзэн хаан суусан ба улс орныхоо зүүн болон умард мужуудыг хамгаалж, умадад Германчуудыг ялж, Европт Ромын эрх мэдлийг дахин сэргээсэн тул реститютор орбис (“Орчлонг дахин сэргээгч”) хэмээн алдаршжээ. Аврелиан нь богинохон хаанчлалынхаа хугацаанд христитгэгчдийн  дунд асар их хавчлага явуулж байсан юм.

[2] Апокрифа зохиолууд гэдэг нь Библийн канонд багтаагүй (66 номоос бусад) номууд юм. Эдгээр зохиолыг дэд каноны номууд гэж нэрлэдэг ч Ромын Католик чуулган үүнийг Библид оруулж үздэг.

[3] Titus Flavius Clemens (МЭ 150 – 215 он). Тэрээр Александрын Келемент гэдэг нэрээр түүхэнд алдаршсан. Христитгэлийн теологи ба Грек философид мэргэшсэн нэгэн.

[4] Юлийн хуанли нь МЭ 46 онд Юлий цезарын Ромд танилцуулж мөрдүүлсэн хуанли юм. 

Category: Нийтлэл | Added by: Uuriinshuuder (2014-12-24)
Views: 426 | Rating: 0.0/0
Total comments: 0
avatar