menu

Усан баталгаа (Баптисм) ямар утгатай вэ?

      Библийн дагуу христитгэгчдийн Усан баталгаа (Баптисм) бол тухайн хүлээн авч байгаа хүний амьдралд, зүрх сэтгэл ба сүнсэнд бий болсон бодит итгэлийг гадаад байдлаар гэрчилж буй үйлдэл юм. Христитгэгчдийн Усан баталгаа (Баптисм) нь тухайн хүлэн авч байгаа хүнийг Есүс Христийн загалмай дээрх Үхэл, булшин дахь Оршуулалт, үхлээс амилах Амилалтай нэгдсэн гэдгийг батлан харуулдаг.

Ариун Библид “Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм” (Ром 6:3-4) гэж айлджээ.

 

Христитгэгчдийн Усан баталгааны (Баптисм) хувьд тухайн хүлээн авагч хоёр чухал шаардлагыг биелүүлсэн байх хэрэгтэй байдаг. Үүнд:

(1) Усан баталгааг (Баптисм) хүлээн авагч тухайн хүн Есүс Христийг өөрийн Аврагч Эзэн гэдэгт бат итгэсэн байна.

(2) Усан баталгааг (Баптисм) хүлээн авагч тухайн хүн Усан баталгааны (Баптисм) үнэ цэнэ ба онцгой чухал байдлыг сайтар ойлгосон байна. 

Ариун Библийн дагуу харвал христитгэгчдийн Усан баталгаа (Баптисм) гэдэг нь Христ л зөвхөн аврана гэж итгэсэн тэрхүү эрхэм нандин итгэлээ олон нийтийн өмнө тунхаглаж буй, итгэл ба дуулгавар байдлын шийдвэр бүхий, энгийн авч онцгой алхам юм.

Өнгөрсөнд гэм нүгэл ба хуучин амьдралд уучлал эрж байгаагаа Ариун Эцэгт улайн гэмшиж, Одоо Христийн үхэл, оршуулалт ба амилалд нэгдэж байгаагаа Ариун Хүүд зарлан тунхаглаж, Ирээдүйд Итгэл ба дуулгавартай байдалд амьдрахыг зорьж байгаагаа Ариун Сүнсэд илэрхийлэн амлаж Усан баталгаа (Баптисм) хүртдэг. 

Усан баталгааг (Баптисм) хүлээн авагч тухайн хүн Эзэн Бурхан ба итгэл нэгт ах дүүсийнхээ өмнө өргөх 4 амлалт ба 4 тунхаглал:

АМЛАЛТ: (Энэ үед номлогч асууж, Усан баталгаа хүлээн авагчид “Амен” гэж хариулна. )

1.     Есүс Христ танд авралыг өгч чадах цорын ганц Аврагч Эзэн гэдэгт итгэж байна уу? Амен. (Үйлс 4:12)

2.     Есүс Христ загалмай дээр өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэм нүглийн чинь төлөөсийг төлөн таны өмнөөс нас барсан гэдэгт итгэж байна уу? Амен. (Галат 1:4)

3.     Есүс Христ танд мөнх амийг өгөхийн тулд үхлийг ялан дийлж амилсан гэдэгт итгэж байна уу? Амен (Ром 6:8)

4.     Есүс Христ одоо таны үлдсэн бүх амьдралын чинь захирагч Эзэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу? Амен. (1 Петр 4:2)

 ТУНХАГЛАЛ: (Энэ үед Усан баталгаа хүлээн авагчид тунхаглаж, бусад нь “Амен” гэж хариулна. )

1.     Би Христ Эзэний загалмайн үхэл ба амилалтай нэгдсэн. Амен (Ром 6:3-8)

2.     Би Христ тэргүүнтэй биеийн нэгэн эрхтэн буюу чуулганы гишүүн болсон. Амен (Ефес 3:6)

3.     Би Христийн дотор шинэ бүтээл болсон ба миний дэлхийн амьдрал дууссан. Амен (2 Коринт 5:17)

4.     Би Сатаны буюу гэмийн боолчлолоос чөлөөлөгдөж Бурханы эрх чөлөөт хүү болсон. Амен (Галат 5:1)

Category: Итгэгэлийн амьдрал | Added by: Uuriinshuuder (2012-10-07)
Views: 1566 | Rating: 0.0/0
Total comments: 0
00000
Add your comment
Èìÿ *:
Email:
Êîä *: